Ажил хүлээлцсэн өдрөөс эхлэн "үг нь олдож, үхэр нь холдсон" сайд бол яах аргагүй Б.Чойжилсүрэн билээ. Эрчим хүчний сайдаар томилогдохдоо тэрбээр Засгийн газрын тэргүүнээсээ "утааг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх" гэсэн хоёр үндсэн үүрэг даалгаврыг авсан. Гэтэл тухайн үед "Аргална даа" хэмээн шулуухан хэлж байв. Гэвч тэр аргалах нь байтугай юу, юу ч үгүй шахуу л өнөөдөртэй золгов. Харин иргэд хэзээ цахилгаан тасрах нь үл мэдэгдэх хотод утаан дундаа уугин сууж байна.
Монголын төрд "байгалиар ажлаа хийлгэдэг ийм эрх танхил сайд" түүхэндээ нэг л байвал хангалттай сан.
Утааг бууруулах талаар асуулт асуухаар "салхи ажил хийсэнгүй" гэж тунина. Тэр үнэхээр аргалдаг юм билээ. Манай төр засгийн "бололцоо нь л энэ" гэж жишим ч үгүй ярина. Үнэндээ баян монголын паян дуусахгүй.
Гайхамшигт эшлэл хэлж, ордоны шатаар өөд уруу шогших Б.Чойжилсүрэнгийн нэрийг сонсохын төдийд хөхөө өвлөөр хөх инээд хүрнэ. Жамаараа л хэлсэн үг нь улс даяар инээдэм болж, хийгээгүй ажлынх нь гор "ханиад" болов.
Ингээд зогсохгүй Б.Чойжилсүрэн сайд "Ямартай ч эхний ээлжинд хүмүүсийг даарч болохгүй гэж бодож байгаа. Даарахгүй байх шаардлага тавьж байгаа" хэмээсэн нь бий. Бидний эвлэрч амьдардаг үнэн бол "шоглоом" болчихсон зүйл.
"Өвөл болох нь тодорхой гэдгийг мэдсээр байж юу ч хийж чадаагүй нь түүний хоёр оны онцлох "хөдөлмөр" юм.
Хагас коксжсон нүүрс гэхээс илүү "Туршилт, туршина" гэж 177 тэрбум төгрөгийн сураг чирч иргэдийн өмнө гарч ирээд, эмээсний эцэст илүү том алдахаасаа өмнө захын дүүргийн иргэд дээр туршихаар болж байлаа. Өдгөө төрийн түшээ хүний нэрийг сонсмогц утга авцалдаагүй үгс, хошин шог, элэглэл бодогдох нь яасан хоржоонтой вэ?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарынхаа өр, өт хоёрыг дийлэхээ байсан. Өвлийг амдуулж, тог хязгаарлана гэдэг байсан бол одоо бүр ТЭЦ-3 нь зогсох магадлалтай болчихсон. 2023-2024 оны өвлийг эрчим хүчний систем хоногт дунджаар 100-160 МВт-ын алдагдалтай давж туулсан гэж байв. Нэг ёсондоо сайдын хэлдгээр "Тог тасалж байж өвлийг давсан". Энэ удаад ч ялгаагүй. 2024-2025 оны өвөл өмнөх жилээсээ хэрэглээ дунджаар 250 орчим МВт-аар нэмэгдэж мэдэхээр байна гэсэн тоцооллыг ч хэлж байв.
Огцом хүйтэрчихгүй л бол өвлийг өнтэй давчихна гэж байгаа, эрчим хүчний хэрэглээ буурахгүй гэдгийг мэдсээр байж буурахгүй нь гэж халаглаж суугаа сайдын тохуурхал дуусашгүй.
Эрчим хүчний шинэчлэл гэж үнэ нэмэхээс өөр санаачлагагүй, эвлүүлдэг тоглоом барьчихаад янз бүрээр тааруулж үзэж буй аятай. Чойжилсүрэнгийн эрчим хүчний салбарыг удирдаж байгаа хугацаа тийм багад тооцогдохгүй. Атал янзаараа. Дэвшсэн ч зүйл байхгүй. Улам доройтсоор. Өрөндөө баригдсан эрчим хүчний салбараа аврах бодолтой хүн Засгийн газарт ч байхгүй. Төсөв нь тэлж, өр нь нэмэгдээд монгол оронд өвөл ирлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)