УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.
Тус ажлын хэсгээс ялгаварлан гадуурхсан үйл явдлын талаарх мэдээллийг цуглуулах, баримтжуулах зорилгоор иргэд, аж ахуйн нэгжээс 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 25-ны өдрийг хүртэл бичгээр хүлээн авч байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд саналын хуудсыг эндээс татан авч хариултыг бөглөөд “Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунд 175 тоот, Төрийн ордон, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Монгол Улс 14201 Улаанбаатар хот” гэж хаяглан ирүүлнэ. Мөн saranchuluun@parliament.mn цахим шуудангаар илгээж болно.
Сануулахад, 126 гишүүнтэй шинэ парламентад МАН-ын жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Хөдөө орон нутгаас хотод ирсэн оюутнууд ариун цэврийн өрөөгөө хэрэглэж чаддаггүй. Дээр нь гишгэж бохир заваан хэрэглэдэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр орон нутагт хүүхдүүд нүхэн жорлонд бие засдаг учраас ариун цэврийн өрөө хэрэглэх дадал, зуршил суугаагүйнх" гэсэн нь цахим орчинд тархаад байв. Энэ бол ялгаварлан гадуурхалын тод жишээ болсон билээ.