Монголчуудын гэм биш зан л даа. Аливаа асуудалтай нүүр тулахаас нааш үг хэлэх нь битгий хэл дуугардаг ч үгүй. Яг алх цохих эцсийн минутад гэнэт санаа нь зовж, энэ чинь юу билээ хэмээн сэхээ ордог гэх үү дээ. Эрчим хүчний асуудал дээр ч, эмнэлгийн асуудал дээр ч, төсөв дээр ч. Одоо бүр Засгийн газар, УИХ нь тоохоо больсон.
Сайд Ч.Номин эрхийн бичгийн 18.3 тэрбумыг зүтгүүлж байхад иргэд дэмжих гэхээс илүүтэй эсэргүүцэж байсан. Саваа эртнээс бэлдэж байсан хүний хувьд тэрбээр төрөөс саалиа авсан л хэрэг. Гэтэл одоо нийгмийн суурь асуудлаа ч шийдэж чадаагүй л шүү дээ. Наанадаж хүүхдүүдийн сурч боловсрох таатай орчинг бүрдүүлсэн үү, амьдрах аюулгүй орчин байна уу?
Өнөөдөр монгол хүүхэд ухаан ормогцоо л том хүн болж, аж амьдрал, аав ээж, өөрийн ирээдүйдээ санаа зовдог болсон гэхэд хилсдэхгүй. Өөрийнхөө мөрөөдлийг ч бодох, мөрөөдөлдөө умбах ямар ч нөхцөлгүй. Тийм байхад 18.3 тэрбумын хэлтэрхий 100 мянган төгрөгөөр өөрийгөө хөгжүүлтэл "лөөлөө".
Ядаж байхад эрчим хүч нь тасалдах гээд. Өнөөх Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "өвөл болох нь тодорхой" гэсэн шигээ яг бахь байдгаараа. Анх сайд болохдоо л ийм байсан. Энэ жил эрчим хүчний салбар 270 тэрбумын алдагдалтай ажиллана гээд юу ч болоогүй юм шиг л яриад байж байх.
Эрчим хүчний салбарын богино хугацаат өр 357 тэрбум орчим , урт хугацааны өр 1.8 их наяд байх жишээтэй. Гэтэл төсөв нь тэнд урсаж л байна.
Одоо эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Хамгийн хүйтэн нийслэлд цахилгаан нь тасарч мэднэ. Тэгэхэд амьдрал царцах эрсдэл айсуй.
М.Жаргал