Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын иргэд 9 удаа сонгууль өгч, ардчиллаа баталгаажуулж, энэ хүрсэн.
Монголын ардчиллыг "АН" биш ард түмэн үүрч ирсэн. Одоо ч ард түмэн л үүрч дүүрч, чирч гулдчиж, зүдэрч зүтгэж, тордон торниулж явааг цөмөөр харж байна.
Парламент 126 гишүүнтэй болсны эцэст, Засгийн газар "аварга" том болсон. Яаж гэж үү, гүйцэтгэх засаглалд сөрөг хүчний суудал ихэсвэл эрх баригч намын хүчийг зузаатгасан хэрэг болох нь дамжиггүй байв. Иргэдийн итгэлийн хариуг Ардчилсан нам нийслэлд МАН-ын ялалтаар өгөв.
Одоо уйлан дуугарах шаардлагагүй. Хамгийн өтгөн мананд төөрсөн хүмүүс бол АН-ын улстөрчид. Иргэдийг "дэмжсэнгүй" гэх эрх ч тэдэнд байхгүй.
Ардчилсан намыг энэ удаагийн сонгуулиар "сөрөг хүчин" байх хүчтэй болгож иргэд сонгосон. Гэтэл төрд гарангуутаа МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулж, нөлөө бүхий хэд нь сайдын сэнтийд заларсан. Сонгуулийн өмнө МАН-аас муу зүйл байхгүй мэт л цахим хуудсаар өдөр шөнөгүй лекц уншиж билээ. Дараа нь юу болов? гар, хөлнөөс нь бариад эрх мэдлийг хувааж хүртсэн шүү дээ.
"Анчны хавханд гүйж орсон ангийн үлгэр" ардчилсан намын дүр эсгэгчдээр дуусах болтугай.
Орон нутгийн сонгуулиар, ялангуяа нийслэлд МАН үнэмлэхүй ялж, ХҮН бүр бараа сураггүй алга болж, АН арайчүү хэдэн суудал ард түмний хүчээр авав. Говь-Алтай, Ховд зэрэг баруун аймгийнхан ардчилсан намын амийг аварч, үнэт зүйлд эзэн боллоо гэх мэтээр хөвөрч болно. АН-ынхан сайндаа биш, ард түмэн ардчиллаа үхүүлэхгүйн тулд сонголтоо хийж байна. Гэтэл эрх мэдэлд улаарагсад төрд гараад төрөл арилжиж байгааг гайхах ч юм биш.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)