Нохойн дуу энүүхэнд сонсогдож байна. УИХ-д нэр дэвшигчид ч байж ядаж, босон суун байна. "Зардлаа дийлэхгүй нь" гэж сонгууль бүрээр усан нүдэлж явдаг, "ядууртлаа" төрд зүтгэсэн мэт "агуу их"-ийн дүрд тоглогч гишүүдийн өнгөнд МАН-аас Д.Тогтохсүрэн, АН-аас Б.Пүрэвдорж нар толгой байтугай хошуу холбон гутарч явна. Тэрбум дөхсөн хөрөнгөтэй хоёр гишүүний нэг нь хөдөлмөр мөлжих тухай ярьж, нөгөө нь ахмадуудаас авлагатай юм шиг халаас руу нь өнгийж байна.
Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг ахалж байсан Д.Тогтохсүрэн тойрог томсоно гэдгийг ч мэдээгүй, тэрбум давсан мөнгө зарлагадахаа ч мэдээгүй гэх. Үнэхээр тийм бол монголын улс төр "гэнэтийн" байна. 20 мянган төгрөг "тарааж" замаа засдаг гишүүн одоо хоосрогчийн дүрд тоглоод унав. Өрөвдүүлэх технологи гэж энэ.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ахмадуудад хандаж "тэтгэвэр нэмж өглөө, хураамжаа төл" гэх нь. Уг үндсэндээ тэтгэвэр нэмэгдсэн юм биш л дээ. Дөрвөн жил УИХ-д суугаад ингэтлээ ядуурсан юм бол дараагийн ажил амьдралаа бодмоор сон.
Хууль санаачлах, батлах бол УИХ-ын гишүүний үндсэн үүрэг. Атал ард түмний өмнө гавьяа байгуулсан мэт жүжиг тоглохоо болих хэрэгтэй. Хийх ёстой зүйлээ хийснийхээ төлөө төрийн толгойд сууж, эрх ямбыг эдэлж, хууль санаачлан батлуулсныхаа мөнгийг авахаараа нэг болж байгаа.
Ер нь энд ийн хэцүүдэж явахаар дуугаа дуулвал өөрт өлзийтэй ч байж мэдэх юм. Хүн гэдэг чаддаг чаддаг зүйлээ л хийж байхдаа догь харагддаг.
Өнөөдөр УИХ-ын чуулган хаах гэж байна. Энэ удаагийн парламент жүжигчдээр дүүрэн байлаа. Хамгийн энгийн жишээ нь Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарын гишүүн болов.
М.Жаргал
Сэтгэгдэл (8)