УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан асуулт асуув. Тэрээр "2017-2021 онд түүх, соёлын 52 дурсгалт зүйл алга болсноос 22 зүйлийг эрэн сурвалжилж олжээ. Үүний 30 нь олдоогүй гэсэн мэдээ байна. Соёлын биет өвийн эсрэг гэмт хэргийн тоо буураагүй, 2021 онд гурав, 2022 онд ес, 2023 онд 19 бүртгэгдсэн байна. Энэхүү конвенцод нэгдсэнээр гадаад руу гаргасан түүх, соёлын дурсгалт өвүүдийг эргүүлэн олж авах ажил баталгаажих уу. Үүнтэй холбогдуулан дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарах уу" гэв.
Соёлын сайд Ч.Номин болон тус яамны ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Соёлын өвийн хулгайтай тэмцэх, хамгаалах, эрэн сурвалжлах нэгжийг цагдаагийн хэсэг дээр байгуулаад байгаа аж. Энэхүү конвенцод нэгдэн орсноор соёлын өвийг хууль бусаар экспортолсон тохиолдолд хууль эрх зүйн хүрээнд буцаан авах боломж нэмэгдэх юм байна. Тус яамнаас ирэх онд Соёлын өвийн тухай багц хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн төсөлд соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, хил дамнуулан гаргах хууль бус экспорттой холбоотой дотоод зохицуулалтыг тусгажээ.