Улс төрд горилогчдын ард түмний хайр энэрэл дээр "тоглох" гэсэн санаа цэцэрлэгт мөлхөхөөс эхэлж байна. ХҮН-аас нэр дэвшигч П.Наранбаяр цэцэрлэгт хүүхдүүдтэй тоглохоор очтол "яах гэж байгаа юм бэ" гэсэн асуултаар угтаж байх жишээтэй. Нээрээ л яах гэж байгаа юм бэ?
Мэдлэг, боловсролтой дүрээр иргэдэд танигдаж байсан түүний энэхүү сонгуулийн өмнөх "элийрэл" их хүслийн хонгилд боловсрол хэрхэн "доройтож" болдог гэдгийг үзүүллээ. Бага насны хүүхдүүдийн "амьдардаг" шахуу газарт хээв нэг орж суугаад, хүний хүүхдийн биед хамаа намаагүй хүрч байгаа нь "хээгүй" гэхээсээ илүү "хэнэггүй" харагдуулав.
Уг нь энгийн, хүүхдэд хайртай нэгэн болохоо иргэдэд нотлох гэсэн цаад агуулга нь нийгэмд "бүдүүлэг" гэсэн дохиог өгч орхив.
Арай л өөрөөр сэтгэсэн мэт санагдаж байсан байх. Гэвч энэ мэт авралгүй сурталчилгаа хийж байхаар чимээгүй явсан нь дээр ч байж мэднэ. Улстөрч болох асар их тэмүүлэл нь түүнийг хөтлөөд цэцэрлэгт авааччихаж.
Нэг сая мод тарьсан гэх нэртэй П.Наранбаяр хэдэн сая хүнд хөгөө чирч гайхууллаа. Гэнэтхэн ухаан орсон мэт эл үйлдэл яавч сайхан дүр зураг, зүрх сэтгэл хөдөлгөхгүй агаад түмний элэг доог, жигшүүрийг төрүүлэхээс хэтэрсэнгүй.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)