УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УИХ-ын хаврын чуулганаар жил бүр хэлэлцэгддэг Хүний Эрхийн Үндэсний Комиссын/ХЭҮК/ "Монгол Улс дахь хүний эрхийн эрх, чөлөө" 23 дахь илтгэлийг сонслоо. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал доройтож буйг харж байгаа. Эдгээр эрхийг хамгаалах, мэргэжил арга зүйн байр сууриа илэрхийлэх ёстой ХЭҮК гэдэг байгууллага бий. Уг байгууллага хуулиар олгогдсон үүргээ хэрхэн биелүүлж буй нь эргэлзээтэй. Хүний эрхийн эрх, чөлөөний 23 дахь илтгэлийг харахад долоон дэд бүлгээр дүгнэлт гаргаж байгаа юм байна. Гэтэл эдгээр бүлэг нь өнгөрсөн жилүүдээс өөр, харьцуулах боломжгүй. Монгол Улсад тулгамдаж байгаа хүний эрхийн зөрчилтэй хэсгүүдээр тайлан мэдээ бэлтгэж, УИХ-д өргөн барихгүй, ХЭҮК өөрсдийн ажил хийсэн гэж үзэгдэх зүйлүүдийг оруулсан байна. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр зарчим баримталдаг АН байр сууриа илэрхийлж ажиллана.
Сүүлийн найман жилд Монгол Улс авлигын үзүүлэлтээр ухарч, ардчиллын индексээр уруудан доройтож байгааг олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байна" гэв.
Сэтгэгдэл (1)