Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр тус хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гэрчийн үгийн ард тодруулж үг хэлэв.
Тэрбээр, "Сонсгол бол захиалгатай, зориуд орж ирээд юм ярьдаг газар биш. Бид нотлох баримтад үндэслэж, бодит зүйлийг ярьж, ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж байна. Та эмийн үнэ өсөөгүй, чанар буруудаагүй гэж амаараа ярьж байна гэж байна. УИХ-ын гишүүн хүн ийм зүйлийг баримтад тулгуурлаж ярьдаг юм. Миний гарт аудитын газрын гүйцэтгэлийн дүн байна. Би нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа хийлгэсэн юм. Зарим эмийн үнэ 3.5-81 хувь хүртлээ өссөн гэдгийг нэртэй устай нь гаргаад ирсэн. Эрүүл мэндийн яам руу нэг дайраад, үнэн ярьж байгаа гишүүний үгийг шүүчих гээд л, ийм байж болохгүй" гэв.
Харин сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Өлзийбаяр гуай эрхтэн шилжүүлэхтэй холбоотой хөнгөлөлтүүд явж байгаа боловч хамгийн чухал нь үнэтэй эмээ дааж чадахгүй байна гэсэн асуудлыг ярилаа гэж харсан" гэсэн юм.
М.Жаргал