Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (2024.04.10) Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 18-д “мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого;” гэж, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн.” гэж тус тус заасан.
2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх арга, ур чадварыг хөгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэх” зорилтыг тусгасан.
Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, цаашдын хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд манай орны нийт газар нутгийн 72.1%-ийг ашиглаж, ДНБ-ийн 10.5%-ийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 21.6% нь тус салбарт ажиллаж байна.
Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн 80 жилд агаарын жилийн дундаж температур 2.36 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурсан нь манай орны усны эх үүсвэрт нөлөөлж, хуурайшилт нэмэгдэн, бэлчээр доройтож, мал аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөн, улмаар экосистемийн үйлчлэлд суурилсан мал аж ахуйн салбарын чадавхийг доройтуулж байгаагаар илэрч байна.
Сүүлийн 70 гаруй жилд манай оронд 13 удаагийн зудын улмаас нийт 45 сая толгой мал хорогдсон бөгөөд 2010 онд нийт малын 22% нь хорогдож, 8.6 мянган малчин өрх малгүй болж, 32.8 мянган малчин өрх нийт малын 50 хувийг алдсан бол 2016 онд зудын хохирлын хэмжээ 18 тэрбум төгрөгт хүрсэн.
Ган зудын давтамж нь малчин өрхийн амьжиргаа, тогтвортой байдал, орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлэх, хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх нөхцлийг үүсгэж байна.
Иймд малчдын үйл ажиллагаа, амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхийн тулд малчдыг төрийн бодлогоор дэмжих, тэдний идэвх санаачилга, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ.
Хуулийн төслийг уламжлалт мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, малчны хамтын санаачилга, хоршооллыг дэмжих, тэдгээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, улмаар малын чанар, ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор боловсруулж, дараах асуудлыг тусгажээ. Үүнд:
- Хуулийн зорилт, үйлчлэх хүрээ;
- Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах, давах туулах арга хэмжээнд баримтлах зарчим, Улсын Их Хурал, Засгийн газар, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн төрийн захиргааны байгууллаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
- Малчин болон хуулийн этгээд болох хоршооны эрх, үүрэг;
- Бусад зүйл буюу хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага.
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар малчны хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэний эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг бүрдүүлэх, малчин өрхүүд эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээгээ хамтран хангах, нутаг усныхаа бэлчээр, байгалийн нөөцийг тогтвортой хамгаалж, ашигласнаар урт хугацааны тогтвортой амьжиргаа, амьдралын нөхцөлөө сайжруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газраас үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.