Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цаг уурын уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн мал аж ахуй хүнд нөхцөлд орлоо. Тиймээс Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хуулийн төсөл боловсруулан оруулж ирж байна. Энэ нь тооноос илүү чанартай малтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх үндсэн зорилготой. Малчид өндөр хүүтэй хэрэглээний зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Олон малтай хэр нь амьжиргаагаа залгуулах асуудал тулгамдаж байгаа тул хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Үүний дараа ЗГ-аас хөтөлбөр баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Зудад малаа алдсан малчдыг дахин малжуулах зорилгоор 5-8 сая төгрөгийг хүүгүй хэлбэрээр, урт хугацааны зээл олгоно. Зээлийн батлан даалтын сантай хамтран 200 малтай иргэнд 30 хүртэлх сая төгрөгийн зээл олгох боломжийг бий болгоно.
Зээл олгож байгаа зорилго бол малчдад малаасаа хүртэх ашиг, шимийг нэмэгдүүлэх юм. Өнөөдөр нэг малаас авах ашиг шимийн 20 хувийг л малчид хүртдэг, үлдсэн хувь нь ченжүүд, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд очиж байна" гэв.