Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор эхлүүлсэн “Цахим хөгжлийн өдөрлөг” Увс аймагт эхэллээ. Говийн болон хангайн бүсэд зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн баруун бүсийн дөрөв дэх аймаг нь Увс болж байна. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор салбарын сайдын тушаалаар байгуулсан тус Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна.
“Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа нь энэ юм.
Ажлын хэсгийн ахлагч ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарын хувьд орон нутагт болж буй өдөрлөгт салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгч байна. “Цахимд хэвшье” өдөрлөгт программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо болон хувийн хэвшлийн төлөөллөөс гадна “И монголиа”, “Дата” төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж байгаа юм.
Өдөрлөгийн хүрээнд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Тухайлбал, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны 23 гишүүн байгууллага олон талт үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэж байна.