"Stop lying" уриатай "Сонгогчдын анхдугаар чуулган"-ыг зохион байгуулах талаар "Клаб 126" төслийн зохицуулагч, Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт мэдээлэл өгөв.
Тэрбээр "Тавдугаар сарын 15-ны өдөр сонгогчдын анхдугаар нэгдсэн чуулганыг зохион байгуулна. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд бид ардчилсан нийгэм байгуулна гээд найман удаа сонгууль хийлээ. Одоо ес дэх удаагаа сонгууль зохион байгуулах гэж байна. Сонгууль гнэдэг зүйлийнхээ мөн чанарыг сонгогчид өөрсдөө сайн ойлгодоггүй. Сонгуульдаа хариуцлагатайгаар оролцдоггүй. Үүнээс бол Монгол Улсад ямар хямрал, зөрчилтэй нөхцөл байдал үүсэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Төрийн албандаа бид итгэл алдарсан. Төрд очиж байгаа хүн бүрийг хулгайч гэж хардаг болсон. Төрийн албанд очсон нь ч хийх ёстой юм шиг хулгайгаа хийгээд байгаа. Бид тоолвол гарын арван хуруунд багтахгүй хохирол дагуулсан гэмт хэргүүдийг нэрлэж чаддаг болчихоод байна.
Сонгууль, улс орон шударга байна гэдэг зөвхөн төр шударга байхаас хамаарахгүй. Ард түмэн ч гэсэн шударга байх учиртай. Сонгуульдаа оролцож, саналаа өгч, зөв хүнийг сонгооч л гэж уриалж байгаа юм.
Нэр дэвшиж байгаа хулгайчаас хэдэн төгрөгийг нь авч санал өгөөд хам хэрэгтэн болж байна шүү дээ.
Үүргээ биелүүлж чаддаг төрийг байгуулчхаад эдийн засаг, нийгмийн баталгаатай, эрүүл, аз жаргалтай нийгэмд амьдрах уу? эсвэл дөрвөн жил талбай дээр гарч жагсах эсэх талаар бодох юм уу.
Бид зургадугаар сарын 28-ныг хүртэл чадлынхаа хэрээр сонгогчдод мэдлэг олгох, сонгууль амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгуулах зорилготойгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Энэ сонгуулийг ард түмэн удирдах ёстой. Сонгогчид МАН, АН гэх мэт хэдхэн хэсэгт хуваагдчихсан. Юу болохгүй байгааг мэдэж байгаа. Харамсалтай нь, ажлын байр, мөнгө төгрөг гэх хүлээсэнд орж хэн нэгэн улстөрчид зүтгэсээр байгаад улс оронгүй болох гээд байна шүү дээ. Бүгдээрээ эх оронч байдлаар асуудалд хандацгаая.
Бид Үндсэн хуулийг баримталж энэ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Сонгууль дуусаад л бид хаягдал болоод байна. Бидний дуу хоолойг сонсдог төр засаг, бодлого болгодог байгууллага алга.
Сонгогчдын анхдугаар чуулганд бүх аймаг, сум, хороодоос төлөөллүүдийг ирж оролцохыг урьж байна. Олон ч хүн холбогдож байгаа. Одоо нам, эвсэл хамаарахгүйгээр Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэцгээе. Өчүүхэн ашиг сонирхолоор ирээдүйг солихоо больё. Эх орноо аврах 78 хүнийг сонгоцгооё. Төрөөс иргэнийхээ эдийн засгийн баталгааг хангах үүргээ өнгөрсөн 32 жил умартсан гэдгийг амьдрал нотолно.
Сонгуульд оролцохгүй байна гэдэг өөрийнхөө эрхийг эдлэхгүйгээр ардчилсан нийгмээс татгалзаж байна гэсэн үг.
5,6 мөнгөтэй намууд байна. Тэд бөөн туг далбаа болоод ухуулгын байруудаа ажиллуулдаг. Сонгуулийнхаа байраар өрсөлдөж нэг нэгнийгээ тэр тэдний намын байр руу орж байна гээд хянадаг. Бид ингэтлээ улс төржиж утга учиргүй хуваагдсан байна. Иймд УИХ-д байх ёстой чадвартай, мэдлэгтэй ч мөнгөгүй хүмүүст зориулж сонгуулийн нэг цэгийн штаб байгуулна. Тус штабт тухайн орон нутгаас нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчдийн мэдээлэл, сурталчилгааг тавина. Хөгжүүлэн мандуулах 126 санг байгуулсан бөгөөд сан дээр мөнгөн болон мөнгөн бус хандивыг цуглуулж байна. Хууль боловсруулж чадах эрдэмтдийг УИХ-д оруулахын тулд эдгээр ажлыг хийж байгаа.
Сонгогчид бид Үндсэн хуулийнхаа зарчмуудыг шаардахаас өөр аргагүй байна. Энэ бол соён гэгээрэл, ард түмний хөдөлгөөн гэж ойлгож болно. Өөрийнхөө өмнөөс хулгайчийг сонгочхоод хулгай битгий хийгээч гэж гуйх нь утгагүй байна шүү дээ. Хэн нэгэнд зориулсан Үндсэн хууль гэж байхгүй, Монгол Улсын Үндсэн хууль л гэж бий. Монголын ард түмэн бол бид бүгд юм шүү" гэв.
М.Жаргал