УИХ-ын гишүүдийн хамгийн алдартай таван зураг, агшныг манай сайт үсгийн дарааллаар өдөр бүр цувралаар хүргэж байна. Энэ удаа толилуулах бичлэг, зураг бол гишүүн Ц.Анандбазарынх.
1. "Баярхуу" Ц.Анандбазар гишүүн. Шатахууны асуудал нийтийн "шаналан" болж ахуй цаг дор тэрбээр "АИ92 бол приус унаад хувийн ажил хөөцөлддөг ажилгүйчүүдийн унааны шатахуун" гэх утга бүхий үгийг хэлж байв. Гэсэн хэдий ч иргэдийг унасан тэрэг, хэрэглээгээр нь ялгаварладаг "Төрийн түшээ"-г толгой дээрээ залсаар байна.
2. "Сүсэгтэн" Ц.Анандбазар тэргүүтэй гишүүд "Богд Зонхова" бурханы хөшөөг босгуулахаар он, он дамнан үсчиж, үсрэнгүй төсөв тусгуулж, шүтээнээ босгох шахав. Анх 2021 онд 5.5 тэрбум, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхова” олны шүүмжлэлийг дагуулсан. Ц.Анандбазар мэлзэж, мэдэгдэл хүртэл гаргаж байсан гэнэ алдан өөрөө өөрийгөө барьж өгсөн түүхтэй.
Түүнчлэн "Дан ганц хөшөө бус цогцолбор барихаар төлөвлөж байсан. Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг бид гурав анх санал оруулсан нь үнэн. Аялал жуулчлалын том цогцолбор барих байсан” гэж хэвлэлд тайлбар өгч байлаа.
3. "Айрагны хөшөө" босгосон анхны улстөрч бол Ц.Анандбазар юм. Анхдагчдын өлгий Булган ч айрагны хөшөөгөөрөө алдрын титмээ хамгаалж үлдсэн билээ.
Мөнгөө чулуунд цутгаж явдаг энэ цагийн эгэлгүй баячуудыг ард түмэн сонгууль болгоноор угжсан юм. Эргээд тэд ийм л зүйл бүтээж өгнө. Өөрийн хөрөнгөөр хийсэн байх эсэх нь хамаагүй, тэр бол төрд төлөөлж буй хүн.
Айрагны хөшөө нь "архиа бага ууж, айргаа тааваараа ууя" гэсэн бичигтэй юм. Энэ үг бол олны дунд хөшөө дурсгалаас илүү нэгэнт "амны уншлага" болчихсон зүйл. Гэтэл энэ үгийг бичихийн тулд "бяцхан шавар бунхан" хийж явах санаа хаанаасаа төрдөг байна даа.
4. Ц.Анандбазарын нэр "Агаарт". Тухайн үед Ц.Анандбазарын хамаарал бүхий “Сод Монгол групп” болон “МэргэВан ХХК” гэх хоёр компани МИАТ-д агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гэрээтэй байв. Түүнчлэн нэг эзэнтэй гурван компани тендерт өрсөлдөж, шатахууны литр тутмыг нь 2090 төгрөгөөр нийлүүлэх болсон нь дэлхийн зах зээл дээрх тухайн үеийн ханшаас даруй 63.6 хувиар өндөр байгааг 2021 онд Itoim сайт дэлгэж байв.
5. Цагаан гартан, Бурхны шашинтан, хүчингийн хэрэгт холбогдогч, бузар бүхэнд хутгалдагч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Нүүрсний хэрэг"-т холбогдоод авсан. Тэрбээр "Би долдугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй. Зарим хүн элэг доог болгож байна. Үнэн нь л тэр. Бизнесмен хүнд баримталдаг зарчим, нандигнадаг зүйл гэж бий. Би бурхны шашинтан. Тиймээс хулгайг үзэн яддаг" гэсэн юм.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)