Үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдийг төр дэмжинэ гэдэг. Тэгвэл хувийн бизнестэнгүүдээс Ц.Баатарсайхан л ганцаараа "төрд эрхэлж байгаа".
Томчуудтай ах дүү, тангарагтан нь ч тэр. Бүх зүйлийн дээжээс түрүүлж амссаар амташсан "Таванбогд" салбар бүрд "бурхны зоог" хүртэж байна.
Франчайз эрхээрээ иргэдийн ходоодон дээр тоглолт хийж, албан ёсоор оруулж ирдэг машинаараа түгжрэл дунд ч "хаанчилж" буй.
Одоо хуучин машины бизнесийг "атгах"-аар ханцуй шамлан орсон гэх. Ийнхүү Таванбогдын Ц.Баатарсайханы хөл хүрээгүй газар гэж үгүй болов.
Манай улсын ганц "богд"-д бусдын "богц"-ыг дүүрэн байлгах сонирхол алга бололтой.
Тэднийх тал талхны үнээр машин борлуулдаг. Тэднийх хамгийг хуу татахаар ум хумгүй бүх зүйл рүү ордог. Сүүлд гэхэд л 311.1 саяын үнэтэй машины захиалга эхний секундэд дүүрч "монопол богд" гэдгээ батлан харуулсан билээ.
LC300 GR.S загварын 20 ширхэг автомашины урьдчилсан захиалгаар 78 иргэн мөнгөө шилжүүлж, 58 иргэний төлбөрийг буцаан шилжүүлэхэд тулсан байгаа юм. Toyota, Geely гэх зэрэг дэлхийн алдартай брэндийн автомашиныг албан ёсоор оруулж ирдэг “Таванбогд” хэрэглээгээрээ уралддаг хэдхэн өрхдөө бол тэнгэр мэт.
Гэвч ганцаараа ноёлож буй хүнд энэ амьдрал, нийгэм, зах зээл нь хүртэл уйтгартай санагдахын сацуу сац суварга босгохоос, хэдэн бөх байлах гэх мэтийн ажил хийж харагддаг.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд КFC-ийн хөшөө босож, бүхэл бүтэн нэрийн хэсэгтэй болсон шиг бүгдийн дээр "хөшөө" мэт Ц.Баатарсайхан л сууж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн "авагдсан нуруу"-г бахтайн аргагүй харж байна.
Холбоотой нийтлэлийг ЭНДЭЭС болон ЭНД дарж уншина уу.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)