Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо /СДМЭХ/-ны нийслэлийн салбар холбооны ээлжит бус чуулган өнөөдөр боллоо. Тус чуулганаар нийслэлийн салбар холбооны даргын тайлан илтгэлийг хэлэлцэж, дараагийн даргыг сонгов.
Чуулганыг нээж Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазар "Эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа салбар бүрийн төлөөлөл эмэгтэйчүүддээ талархал илэрхийлье.
МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм. Иймээс үнэт зүйлээ эрхэмлэж, эмэгтэйчүүдийнхээ тэгш эрх, оролцоог хангахыг зорин ажиллаж байна. Мөн аливаа зүйлд уламжлал, шинэчлэлийг хослуулж, залуу, дунд, ахмад үеийн хэлхээ холбоог хангаж ажиллах нь чухал. Өнөөдрийн чуулган бол цаг үеэ олсон чухал хурал юм. Нийслэлийн МАН-ын хороо бол МАН-ын зүрх болсон байгууллага. Олон асуудал эмэгтэйчүүдийн нуруун дээр явдаг. Иймээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг дараагийн удирдлага, дараагийн үе нь үргэлжлүүлэн ажиллах учиртай юм" хэмээлээ.
Мөн СДЭМХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. СДЭМХ нь 30 жилийн түүхтэй байгууллага. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл бодлыг хүргэхэд анхаарч, эмэгтэйчүүдийн санал МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагаанд тусгалаа олж байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, нийслэлээс 200 тэрбум гаруй төгрөгийг зарцуулж, хамрагдалтыг 97 хувьд хүргэсэн” гэв.
Энэ үеэр СДМЭХ-ны нийслэлийн салбар холбооны дарга Б.Саранчимэг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, улс төр, нийгмийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж ажилласан гэдгээ тодотгосон. Тэрбээр "СДМЭХ-ны нийслэлийн салбар холбоо нь есөн дүүрэгт 152 салбар зөвлөлтэй. Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо чухал. Гишүүдийнхээ олон санаачилгыг ажил хэрэг болгосон. Мөн эрүүл, аюулгүй орчныг бий болгохын тулд эмэгтэйчүүдтэйгээ хамтарч ажиллалаа” гэдгээ хэлж байв.
Чуулганд СДМЭХ-ны нийслэл, дүүргийн салбар холбоодын төлөөлөл 170 орчим хүн оролцсон. СДМЭХ-ны нийслэлийн салбар холбооны даргад Б.Ану-Үжин нэр дэвшиж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдов. Тэрбээр олон улсын худалдааны менежер, эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын Линкольны их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Мөн Монголын хамгийн анхны үнэртэй усны "Үжин" брэндийг үүсгэн байгуулагч, "Рийч Пойнт" ХХК-ийн гүйцэтгэх захирал юм.
Сэтгэгдэл (2)