УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч ган зуд, байгалийн эрсдэл болон давагдашгүй хүчин зүйлийн давтамж ойртсон, манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар доройтол, цөлжилтөд нэрвэгдсэн байгаагаас бэлчээрийн мал аж ахуйн салбар эрсдэлт байдалтай нүүр тулаад байгаа аж. Эрдэмтдийн судалгаа, дүгнэлтээр нэн яаралтай зөв менежмент авч хэрэгжүүлбэл доройтсон, цөлжсөн бэлчээрийн 80 хувь нь байгалийн жамаараа сэргэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Үүний зэрэгцээ бэлчээрийн даац хэтэрснээс мал нь тэжээл, эрдэс, амин дэмийн дутагдалд орон давжаарч, ашиг шим, үнэ цэн буурч буй. Эдийн засгийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарын бүтээмж буурч, үнэ цэн муутай, улсын эдийн засагт оруулах хувь нэмэр улам буурсаар байгаа аж. Энэ хэрээр малчдын аж амьдралд сөргөөр нөлөөлж, малынхаа тоог нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Үүнийг шийдэхийн тулд 5 бүлэг 34 зүйлтэй Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усныхан, бэлчээрээ хамтран ашигладаг малчин өрхүүд газар нутгийн онцлог бэлчээрийн нөхцөл байдлаасаа хамаарч 20-иос доошгүй өрх нэгдэж, малчин өрхийн анхдагч холбоог байгуулахаар төсөлд тусгажээ.Анхдагч холбоо нь гишүүдийнхээ боловсрол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн үйлчилгээг үзүүлэх, байгалийн нөөц, гэрээт бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын эрүүл мэнд, үржил чанар, ашиг шимийг дээшлүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн 4 үндсэн үйл ажиллагаанд гишүүн малчин өрхүүдийг зохион байгуулж оролцох юм байна. Малчдын сайн дурын энэ холбоо нь ашгийн бус бөгөөд зөвхөн хөдөлмөрөө хорших замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх юм. Харин мал аж ахуйн үйлдвэрлэлийг буюу ашгийн төлөө үйл ажиллагааг малчдын өөрсдийнх нь үүсгэн байгуулсан хоршоо, бусад аж ахуйн нэгжийн хэлбэрээр эрхлэх боломж нээлттэй байх болно. Өөрөөр хэлбэл, Анхдагч холбоо нь гишүүдийнхээ мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хоршоо, аж ахуйн нэгж, ХАА-н бирж зэрэг этгээдэд борлуулахад нь зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хоршоог хөгжүүлэхэд хөшүүрэг, түлхэц болохоос гадна малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.
Малчин өрхийн анхдагч холбоо нь суурь нэгж болохын хувьд бүх гишүүдийн хурал, түүний чөлөө цагт тэргүүлэгчид, ахлагч гэсэн удирдлагын бүтэцтэй байх бөгөөд эдгээр институцын үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх үүрэг, түүнчлэн гишүүнчлэлийн талаар төсөлд тусгайлан зохицуулсан. Бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хуваарьтай ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах ажлыг анхдагч холбоо хариуцахаар төсөлд тусгажээ. Сумын малчин өрхийн холбоо нь тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа анхдагч холбоодын гишүүнчлэлтэй байх ба тэдгээр анхдагч холбооны ахлагч нараас бүрдэнэ. Аймгийн малчин өрхийн холбоо нь сумын малчин өрхийн холбоо бүрээс сонгогдсон 2 гишүүний төлөөллөөс бүрдэхээр, улсын хэмжээнд Малчин өрхийн нэгдсэн холбоо ажиллах, уг холбоо нь аймгийн малчин өрхийн холбооны дарга нараас бүрдэхээр төсөлд тусгалаа. Сум аймгийн болон малчин өрхийн нэгдсэн холбоо доод шатны холбоодын үйл ажиллагааг уялдуулан, зохион байгуулалтаар хангах, төрийн бодлого, тухайн шатны бодлогын баримт бичиг, үйл ажиллагаанд малчин өрх, холбооны эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх, саналаа өгөх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх аж.
Түүнчлэн Холбооны санхүүжилт нь гишүүнчлэлийн хураамж, хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт, хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого, гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж, хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэрээс бүрдэх ба түүнийг дээр дурдсан 4 үндсэн чиглэлийн болон дүрэмд заасан бусад үйл ажиллагаанд зарцуулахаар тусгасныг Ж.Батжаргал гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 12 хууль, УИХ-ын 2 тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад, гишүүдийн олонх буюу 59.5 хувийн саналаар төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд шилжүүлэв.
Сэтгэгдэл (1)