Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор эхлүүлсэн “Цахим хөгжлийн өдөрлөг” Ховд аймагт эхэллээ. Говийн болон хангайн бүсэд зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн баруун бүсийн хоёр дахь аймаг нь Ховд болж байна. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Тэрбээр Ховд хотод болж буй өдөрлөгийг нээж, бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өглөө.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох уриалга хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Ингэснээр цахимд хэвшихэд тулгарч буй асуудлыг засаж залруулах, улмаар иргэдийн хэрэглээнд хэвшүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгохыг зорьж байгааг албаныхан онцолж байгаа юм. “Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт оролцож, олон талын мэдээлэл авлаа.
Түүнчлэн ЦХХХЯ болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллага төр, хувийн хэвшил, ТББ-ын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаанаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана.