БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-ын ХХААБ болон Европын Холбоо (ЕХ) Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр (ОЗНӨСХ)-г хамтран хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа.
Ойн түншлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх, үр нөлөөг оновчтой болгоход чиглэсэн тус хөтөлбөр нь 2,5 сая ам.долларын санхүүжилтэй бөгөөд манай улсаас гадна Бүгд Найрамдах Конго улс, Габон, Гайана, Гондурас, Уганда, Замби зэрэг 7 Улсад хэрэгжинэ.
Хөтөлбөрт хамрагдаж буй 7 улсын ойн түншлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хамгаалалттай, нөхөн сэргээсэн буюу тогтвортой менежмент бүхий ойн талбайг өргөтгөх, ойтой холбоотой зохистой хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэх, ойн хомстол, доройтлын жилийн түвшинг багасгах, ойн хомстолын тухай ЕХ-ны журмын шаардлагыг ойн байгууллагууд дагаж мөрдөх таатай орчныг бүрдүүлэхийг БОАЖЯ мэдээлэв.
Ингэснээр ил тод, жендер, нийгмийг хамарсан, хариуцлагатай засаглалыг сайжруулж, ой эзэмших, ашиглах эрх, тогтвортой менежмент, ашиглалт, газар ашиглалтын төлөвлөлт, ойн хамгаалалт, хадгалалт, ойн хомстол, нөхөн сэргээх бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлэх, тогтвортой ойн нэмүү өртгийн сүлжээ, ойн устгалгүй ойн бүтээгдэхүүн болон түүнийг хөшүүргийг бий болгоно.
Мөн ойн нэмүү өртгийн сүлжээн дэх ойн хомстол, тогтвортой үйл ажиллагаа нь хууль эрх зүйн хувьд нийцтэй эсэхийг магадлах, баталгаажуулах системийг хөгжүүлэх, ойн нөөц, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний зах зээл, худалдааны мэдээллийн системийг бэхжүүлэхийг зорьж байна.
Түүнчлэн, дэлхийн жишгийн ойд суурилсан нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, тогтвортой ойд суурилсан, хөрөнгө оруулалтын хөшүүргийг хөгжүүлж, дэмжих, улсын хэмжээнд тогтвортой ойн аж ахуй, ойд суурилсан нэмүү өртгийн сүлжээн дэх хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх санхүүжилтийн стратеги боловсруулах аж.