Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эко усны сав” ХХК-д ажиллалаа.
“Эко усны сав” ХХК-ийн удирдлагууд үйлдвэрлэлийн болон хаягдал дахин боловсруулах явцаа танилцуулав. Тус компани БНСУ-аас өндөр нягтралтай полиэтилен HDPE буюу олон улсын чанарын гэрчилгээтэй түүхий эд ашиглан усны сав үйлдвэрлэж байна. Эко усны саванд хадгалсан хүнсний зориулалтын шингэн зүйл химийн урвалд орохгүй, хүчил шүлт бусад химийн идэмхий бодист тэсвэртэй шинж чанартай гэв.
Хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шингэн, улмаар хүний биед орж хуримтлагдсаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болдог. Хортой, хоргүй хавдар, ургийн гажиг, үргүйдэл, мэдрэлийн саажилт, хүүхдийн тархины хөгжил саатах, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар буурах, үений үрэвсэл, арьсны өвчлөл зэрэг өвчин үүсгэдэг химийн бодисууд найрлагад нь ордог учир дэлхийн улс орнууд татгалзаж байгаа ч манай улсад хэрэглээ өндөр хэвээр байна. Тухайлбал нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг, нийт хоёр сая гаруй зориулалтын бус хүнсний савыг өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Энэ нь бусад төрлийн савны хэрэглээтэй харьцуулахад хоёр дахин өндөр гэсэн үг юм.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 829 өрхийн дунд судалгаа явуулахад хөдөө орон нутагт 78, хотод 50 гаруй хувь нь химийн бодис, техникийн тос хадгалах зориулалттай сав ашигладаг нь тодорхой болжээ. Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл шинэ салбар хэдий ч дотоодын хэрэгцээний 35 хувийг хангадаг бөгөөд жилд 200 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн жил 22 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ жил 60 орчим тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр олгохоор төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл нэг аж ахуйн нэгжид гурав хүртэл тэрбум төгрөгийн зээл олгох юм.
Монгол Улсын засгийн газар зориулалтын бус савны хор хөнөөлийг таниулах, эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон савыг худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг зэрэг газарт хэрэглэхийг хориглох, өрхийн хэрэглээнээс халах зорилт тавьж 2016-2021 онд “Сав, баглаа, боодол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлжээ.