Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатарт ХЭҮК-оос өнөөдөр өргөн барилаа.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид энэ удаагийн илтгэлийг 2023 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, комисст ирсэн гомдол мэдээлэл болон комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, мөн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан, бусад эх сурвалжид үндэслэн, Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, Боловсролын салбар дахь хүний эрх, Хүүхдийн эрх, Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал, Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт, Хорих ял эдлээд суллагдсан иргэдийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал гэсэн 7 сэдвийн хүрээнд боловсруулсан. Мөн холбогдох шийдвэр гаргуулахаар 54 саналын хамт УИХ-д хүргүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулав.
ХЭҮК-ын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу тус комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг. Өргөн барьсан уг илтгэлийг УИХ-аар хэлэлцэн холбогдох тогтоолыг баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг юм.