“Боловсролын Дэлхийн Түншлэл” олон улсын байгууллага Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 5 сая ам. долларын буцалтгүй тусламж үзүүлж буй.
Энэхүү санхүүжилтээр “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлж байна.
Австралийн Хүүхдийг ивээх сан болон Японы Хүүхдийг ивээх сан нь тус төслийн санхүүгийн зохицуулагч байгууллагаар ажилладаг. Санхүүгийн зохицуулагч байгууллагуудын төлөөллийг БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар төслийн хэрэгжилт, хамрах хүрээ, зохион байгуулалтад оруулах өөрчлөлтийн талаар ярилцсан юм.
Боловсролын салбарын бодлого эрх зүйн орчны шинэчлэлтэй холбогдуулан тус төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд санхүүгийн зохицуулагч байгууллага Австралийн Хүүхдийг Ивээх сан болон Японы Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар уян хатан хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Төслийн багийн төлөөлөгч Каролин Кийнан энэ үеэр төслийг хамтран хэрэгжүүлж буй талуудын харилцаа холбоо, уялдаа сайтай байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Австралийн Хүүхдийг Ивээх сан бүх талаар дэмжиж ажиллана гэлээ.