УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт гурил, малын тэжээлийг импортын гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг Засгийн газраас өргөн барьж, УИХ-ын гишүүд өөр, өөр байр суурьтай байсан учир МАН-ын бүлэг завсарлага авсан.
Гурил 15 орчим хувийн гаалийн албан татвартай байна. Сүүлийн үед гурилын үнэ огцом нэмэгдэж, үйлдвэрлэгчид монопол эрх эдэлж байна гэж үзсэн учир гаалийн албан татварыг чөлөөлж, импортыг нээлттэй болгох саналыг Засгийн газраас оруулсан.
МАН-ын бүлэг гурил, малын тэжээлийн импортын гаалийн албан татварыг тэглэх саналыг дэмжлээ. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Баялгийн сангийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг гишүүдэд танилцуулж, дэмжлээ. Хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзлээ. Зудын гамшгийг хэрхэн бууруулах, мал аж ахуйн салбарт ямар арга хэмжээ авах талаар Засгийн газар нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсныг бүлгээс дэмжлээ" гэв.