Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн “2023-2024 оныг авилгатай тэмцэх жил болгон задлах тухай” 49 дүгээр тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар батлагдсан билээ.
Тус албан даалгаврын хүрээнд “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж яам агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож, цахим шуудангаар 604 багц мэдээллийг хүлээн авч, нээлттэй мэдээллийн нэгдсэн системд байршуулжээ. 2023 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын тусгай сангуудаас авсан мэдээллээр эргэн төлөлтийн нийт дүн 91.6 тэрбум төгрөг байна. Үүнд:
Боловсролын зээлийн сан 3.9 тэрбум төгрөг
Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 290 сая төгрөг
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 55.9 тэрбум төгрөг
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 20.1 тэрбум төгрөг
Шинжлэх ухаан, технологийн сан 26.7 сая төгрөг
Хөдөө аж, ахуйн корпорац 11.2 тэрбум төгрөг тус тус байна.
Өнөөдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем буюу shilen.gov.mn-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн технологийг нэвтрүүлжээ. Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун ухаан GPT-д сургажээ.
Технологи нь хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй бөгөөд баримтыг баримтаар нь хариулж 24 цагаар үйлчлэх аж. Дараагийн удаад хиймэл оюун ухааныг газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг байдлаар сургахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэв.