Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэхийн газрын маргааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлд эргүүлэн авахаар ажиллаж байна. 1993 онд Төв цэнгэлдэхийн өмч хувьчлалын асуудал яригдаж, 30 хувийг нь ягаан тасалбараар хувьчлахад дөрвөн иргэн өмчилж авсан. Тухайн үед Төв цэнгэлдэх нь наадмаа л хийдэг барилга байгууламж байсан.
Түүнээс хойш 1999 онд анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд 38.6 га газрыг ногоон байгууламж, спортын зориулалтаар ашиглах эрх өгсөн. Ашиглах эрх нь бусдад шилжүүлэх боломжгүй, зөвхөн зориулалтын дагуу ашиглах эрх. Гэтэл одоо энэ газар 12.6 га буюу гурав дахин багассан.
2000 онд дахин өмч хувьчлал болсон. Төрийн өмчийн хороонд явагдаж, тухайн үед 30 хувийг эзэмшиж байсан Т.Нямдаваа гэгч давуу эрхтэйгээр 19 хувийг нэмж авснаар нийт 49 хувийг эзэмших болж, нийслэл 51 хувийн хувьцаатай болсон. 2008 оноос хойш Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлээс 4.6 тэрбум зарцуулсан ч 32.7 сая төгрөгийн ногдол ашиг авчээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд байгаа юм. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ.
2004 онд НИТХ-ын тогтоолгүйгээр зөвхөн хамтарсан Төв цэнгэлдэх хүрээлэн гэх компанийн ТУЗ-өөр нийслэлийн өмчийн хоёр хувийг Т.Нямдаваа буюу хувийн өмч болгоод нийслэл 49, Т.Нямдаваа 51 хувь болгоё гэсэн байгаа юм. Ингэж 38.6 га газар бусад этгээд рүү шилжсэн. Төв цэнгэлдэхийн орчимд ногоон байгууламж, спортын зориулалтаар ашиглагдах ёстой 38.6 га газар одоо 29 хэсэг хуваагдсан байна" гэв.