Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар 2024 оны нэгдүгээр сарын 23-нд “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан.
Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх хэлэлцээрийг албажуулан баталсан байна. Үүний үр дүнд хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрджээ. Ингэснээр Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.
2024 онд шинээр Узбекистан, Кувейт, Испани, Латви, Азербайжан улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Түүнчлэн Австрали, Иран, Индонез улстай агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэхээр төлөвлөж байгааг албаныхан онцоллоо. Мөн БНСВУ-ын Хо Ши Мин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэг эхлүүлэх юм.
Одоогийн байдлаар ИБУИНВУ-ын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг үйлдэхээр “МИАТ”, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” компанийг томилжээ.