УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаар хэлэлцлээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцыг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцуулав.
Тэрбээр "Улсын хэмжээнд 2024 онд 390.6 мянган га-д үр тариа, үүнээс 365.6 мянган га-д улаанбуудай, 19.3 мянган га-д төмс, 15.3 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, 78.3 мянган га-д малын тэжээл, 68.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580 мянган га-д тариалалт хийж, 350.9 мянган га-д уринш боловсруулна.
546.7 мянган тонн үр тариа, үүнээс 515.3 мянган тонн улаанбуудай, 225.8 мянган тонн төмс, 220.7 мянган тонн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ дөрвөн мянган тонн, 195.8 мянган тонн тэжээлийн ургамал, 34.3 мянган тонн тосны ургамал, нийт 1.2 сая тонн ургац хурааж авна.
Хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 95 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Тариалалтад улаанбуудайн үр 55.0 мянган тонн шаардагдахаас Хөдөө аж ахуйн корпорацад 7.2 мянга, улсын үрийн нөөцөд гурван мянга, аж ахуйн нэгж, иргэдэд 40.6 мянган тонн нөөцтэй байгаа бөгөөд импортоор 9.5 мянган тонн үр орж ирүүлэхээр гэрээ хийж байгаа. Хүнсний ногооны үрийн хэрэгцээг тооцвол нийт 1,177 тонн шаардлагатай.
Өвлийн хүлэмж хоёр га, зуны нийллэг хальсан хүлэмжийн тариалалтыг 16.6 га-гаар нэмэгдүүлнэ. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн 13.7 тэрбум төгрөгөөр 5,196 ширхэг нийллэг хальсан хүлэмж авах ажлыг зохион байгуулна. Жимс, жимсгэнийн дотоодын хангамжийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 980 сая төгрөгт Төв, Хэнтий, Увс аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт чанарын шаардлага хангасан, нутагшсан сортын жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв 12 га-д байгуулна. ЖДҮХС-гаас 2.8 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг хэрэгжүүлнэ.
Засгийн газрын хуралдаанд улаанбуудайн үрийг 30, төмс, хүнсний ногооны үрийг 80 хувь, бордооны татаасыг 30 хүртэл хувь олгох шийдвэрийн төслийг бэлтгэж, танилцуулна.
Улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгт хөрсний үржил шимийг сайжруулах, ургац нэмэгдүүлэх зорилгоор бордоо хэрэглэсэн хуулийн этгээдэд хөнгөлөлт үзүүлэх, төмс хүнсний ногооны механикжуулалт 3.9 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт олгож, 950 га талбайг механикжуулна. Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгө сайжруулах зээлд 2024 онд 65 тэрбум, хүнсний ногооны үйлдвэрлэлд 16 тэрбум төгрөгийг тус тус жилийн таван хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээнд анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахыг дэмжихэд найман тэрбум, хүлэмжийн аж ахуй байгуулахад долоон тэрбум, зоорийн аж ахуй байгуулахад 10 тэрбум төгрөгийг тус тус жилийн зургаан хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл олгох мэдээллийг тариаланчдад хүргэж, хүсэлт ирүүлсэн материалыг цахим системд хянаж, арилжааны банканд хүргэж, бодлогын гэрээ байгуулж байна.
Хүнсний ногооны хадгалалт, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 13.5 тэрбум төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн сумдад баригдах 200-500 тонн төмс, хүнсний ногооны зоорь барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Газар тариалангийн үйлдвэрлэлд 23 мянган тонн шатахуун хэрэгцээтэй ба тариалалт, уринш боловсруулалтад 11 мянган тонн, ургац хураалтад 12 мянган тонн шаардагдах тооцоог гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудад албан тоот хүргүүллээ. Цаг агаарын болон бусад гэнэтийн давагдашгүй хүчин зүйл учраагүй тохиолдолд тариалалтыг 14-16 хоногт гүйцэтгэх техникийн хангамж бүрдээд байна" гэв.
Байнгын хорооны дарга Ж.Батжаргал "Аж ахуйн нэгжүүдэд байгаа 40 мянган тонн үрийн хянан баталгаажуулалт, импортоор орж байгаа үрийн чанар, цаашлаад малын тэжээлийн ургамлын үрийн хангалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай"-г хэллээ.
Түүнчлэн хаврын тариалалтаас өмнө аж ахуйн нэгжүүдийн зээлийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, говийн бүсэд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зээл олгох асуудлыг тусгах, тариалалтаас ургац хураалт хүртэл шаардлагатай түлш, шатахууны нийлүүлэлт, хангалтын асуудалд бодлогоор анхаарах, үрийн нөөцтэй болох, хөрс, талбайн хамгаалалтын хүрээнд хашаажуулалтын ажилд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах чиглэлийг өгөв.
Сэтгэгдэл (2)