БОАЖ-ын яамнаас "Мод үржүүлэгч" төслийн хүрээнд хашаандаа мод тарьж ургуулж, идэвх санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгжид "хүлэмж" гардууллаа. Тодруулбал, манай улсад тохирох модны тарьц, суулгац хангалтгүй байгаа учир иргэдэд боломж бүрдүүлэх зорилгоор энэхүү ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн төсөлд шалгарсан эхний 50 өрхөд дараах дэмжлэг үзүүлэх юм.
- Хашаанд нь хүлэмж барьж өгнө
- Хүлэмжийн аж ахуйг хэрхэн эрхлэх аргыг заана
- Мод үрсэлгээний үрээр хангана
- Хөрс сийрэгжүүлэгч усалгааны системийг хашаанд нь суурилуулах аж.
Энэ үеэр БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар хэлэхдээ, "Ирэх дөрөвдүгээр сард мод арилжааны онлайн биржийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Өмнө нь мод үржүүлгийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд эрхлэх ёстой гэсэн хууль, дүрэмтэй байсан ч өнөөдрөөс эхлээд гэр хорооллын 220 мянган өрх мод үржүүлэгч болж, бизнес эрхлэх боломжтой болж байна. Төсөлд шалгараад буй эхний 50 өрх бол энэ ажлын эхлэл, загвар юм. 5х6-ийн хэмжээтэй хүлэмжид нийтдээ 50,000 үрсэлгээг нэг дор үрслүүлэх боломжтой. Гэр хорооллын тоосжилтыг мод л дарна" гэв.