Жил бүр шахцалдаан, бужигнаан, хэншүү хярвас, шавар шалбааг, хана хэрэм дунд бөртийх "Төв цэнгэлдэх хүрээлэн". 1993 онд ягаан тасалбараар хувьчилагдаж, 2003 онд 51 хувийг нь Т.Нямдаваа эзэмших болсон Төв цэнгэлдэх хүрээлэн. Газар дээр нь өндөр, өндөр барилгууд шил дараалан босож, бетонон дунд хоригдсон Төв цэнгэлдэх хүрээлэн. Нэг хүнд "үрчлүүлсэн" эл байгууламжаа нийслэл буцаан "өргөж" авах гэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь зараад идчихсэн. Үлдсэн багахан зай талбайд нэмээд 22 давхар барилга барьж байна. Гэтэл Үндэсний их баяр наадмаа хийдэг тус хүрээлэнг жил болгон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, эргэн тойрных нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлдэг" гэж байлаа.
Энэ үеэр ч олон хүний нэр дурдагдаж, тансаг зэрэглэлийн харшийн эздийн "титэм" ганхах нь холгүй байна. Үүнд, юун түрүүн "Титэм үг" нэртэй сургаалиараа түмнээ "сэхээрүүлэх шахсан" Ерөнхийлөгч асан Н.Багабанди зүй ёсоор багтана. Учир нь иргэн Т.Нямдаваа түүний "хоёр хүүхэд"-ийг стадион орчмын газар эзэмшдэг болохыг дурдсан.
Хааны суудлаа орхисон ч хааны зиндаанд МАН-даа өргөгдсөн хүн бол Н.Багабанди юм. Төрийн өндөр дээд албан тушаалын сүүдэр түүнийг мөнхөд дагаж, "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-д 10 гаруй жил "уясан" билээ. Засгийн газар сонгуулийн жилийн тэргүүн залгахтай дөхөж л Н.Багабандийг "эрдэнэсийн сангийн элгэн дээр"-ээс арга буюу ховхлов. Үүгээр зогсохгүй, номоор үнэнээ далдлах гэж халаасаа дуртайяа тавьж өгдөг түшээдээс хамгийн их орлого олсноороо тэрбээр тэргүүлж ч мэднэ. 25 саяар "Эрдэнэт үйлдвэр"-т 1000 ширхэг "цаасан титэм" борлуулсныг нь "шахаа" хэмээн хэвлэлээр шуугиж байсан нь 2020 он.
Цаашилбал, Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, "Шилэн" ажиллагааны хүрээнд нээлттэй мэдээлдэг болсон. Тэгвэл улсын тусгай хамгаалалттай, Богдхан уулын дархан цаазат газарт буюу Залаатын аманд 2018 онд 0.518 га газар эзэмшихээр Н.Багабанди авсан байлаа.
Түүний эрх мэдлийн титэм унах болоогүй. Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж, Улсын Их Хурлын анхны даргаар томилогдож явсан хүнд "албан тушаал" бол хүүхдийн тоглоом гэхэд хилсдэхгүй болов уу. Охин нь болох Б.Баярмаагийн ажилладаг Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ монгол" ХХК Баянхонгор аймагт 2049 он хүртэл алт олборлох тусгай лицензтэй. Н.Багабанди охин, хүү гурвуулын нэр хадаатай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, "Стадион Оргил-2" байршилд амины орон сууцны зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь батлагдан гарсан байдаг. Мөн тухайн байршилд дахин гурван давхар үйлчилгээний барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавраа 2021 оны зургаадугаар сарын 29-нд батлуулжээ.
Эрх ямбын суудлаас буусан ч "Эрдэнэсийн арал"-д өчнөөн жил амьдарсан Н.Багабандийг шалгах нь битгий хэл, шагширч өргөмжлөх нь холгүй. Эрх баригчид сонгуулиас урьтаж сүр хүчийг үзүүлэн сэлэм хуйг сэнсэртэл эргүүлэх шиг болж байна. Тэгвэл Ерөнхийлөгч асны "титэм"-ийн доогуур хэзээ шагайж харах бол?
М.Жаргал
Сэтгэгдэл (6)