Эрх чөлөөнд хүрсний 30 жилийн дараах өнөөдөр ямар байна вэ. Ардчилсан нийгэмд шилжсэнээр монголчууд хамгаалах эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй, дэлхийн хаана ч хөл тавих эрхтэй болж, хүн төрөлхтний соёл иргэншилтэй хөл нийлүүлдэг болов. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийнхтэй хослуулахыг хичээж, олон улсад ч Монгол гэдэг нэрээ хэдэн янзаар тамгалж байна.
Гэхдээ Монгол дотооддоо системтэй хөгжиж чадсангүй. Хүний эрх чөлөөг хязгаарлаагүй ч, улсын хөгжлийг авлига, албан тушаалын наймаа, шударга бус байдлаар тушаж, өнөөгийн буурай Монголыг бүтээлээ. Эрх чөлөөг эрх мэдэлтнүүд л давуулан эдэлж, мэдээлэлд ойр, хөрөнгө, мөнгөтэйгөөрөө хоршин өөрт ашигтай бүхнийг ашиглалаа. Газар, байгалийн баялаг, тендер, зээлийн сангуудыг цөлмөж, төрийг авлигын сүлжээгээр хэрж, албан тушаалыг арын хаалгаар наймаалцдаг системийг бүрдүүллээ.
Хүндээ анхаарсан төлөвлөлтгүй, өсөн тэлэх хэрэгцээ үйлчилгээнд тохирсон бүтэц хийхгүй байсаар алга дарамхан газар 1.7 саяулаа түгжирч, угаартаж амь тэмцэн амьдарч байна. Хотоос алсад хөдөөд амьдарч байгаа нь ч ажлын байр, ахуй хангамж, боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээнээс хол зэргээр хохирох зүйлс асар олон. Арга ядахдаа л хот суурин бараадаж, ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлстэй амьдрахыг хэн бүхэн хүсэж байна.
Гэвч эцэс сүүлдээ зөв удирдлага менежментээр ажиллаж чадаагүй төр биш иргэд л хотод суурьшснаараа, автомашинтай болсноороо, гадагшаа боловсрол эзэмшиж байгаагаараа, гэр сууцанд амьдарснаараа, орон сууцтай болсноороо буруутан болж байна. Ерөөс монголчууд эрх чөлөөтэй болсон нь буруу мэт аашилж байна. Энэ бүхэн эцэстээ ардчиллыг л үгүйсгэсэн хэлбэр. Хөгжлийн системээ бүрдүүлээгүй байж хөгжиж буй иргэдээ буруутгах нь яав ч зөв гаргалгаа биш.
Уг нь анхнаасаа хувийн ашиг сонирхлыг төрд шургуулахгүй, зөв төлөвлөлттэй, өсөн нэмэгдэх хүн амын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтцэд хөрөнгө оруулалт хийж, мэдлэг чадвартай бүхнийг дайчилсан бол өнөөгийг илжирсэн тогтолцоо өөр түвшинд хүрэх байлаа. Энэ бол 30 жилийн түүхэнд төрийн эрх барьсан хэн бүхэнтэй холбоотой. Тэр дундаа одоогийн эрх баригч МАН-тай бүр ч их холбоотой.
30 жилийн эрх мэдэлтнүүд
Дөрвөн жилийн цикльтэй УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан улс төрийн хүчин эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Улсын хөгжлийг зангидаж, ирээдүйг хааш нь чиглүүлэх вэ гэдгийг төрийн эрх баригчид бодлого төлөвлөлтөөрөө шийдэх учиртай. Гэвч төрд үүрлэсэн авлига, албан тушаалын наймаа, ашиг сонирхол улсын хөгжлийг хойш нь татаж байна.
Өнгөрсөн 30 жилд улс төрийн хоёр хүчин төрийн эрхийг ээлжилж бас эвсэж барилцсан. Тиймээс бодлогын алдаа завхралыг эсрэг намын эрх барьсан жилүүдэд оноогоод л өнгөрдөг жишиг өнгөрсөн жилүүдэд тогтчихоод байгаа. Цаг хугацааны тоймыг харвал МАН 24 жил, АН найман жил төрийн эрх барьсан, бас барилцсан. АН-ын хувьд дангаар засагласан дөрвөн жил, МАН-тай эвсэж эрх барьсан дөрвөн жил бий. Тэгэхээр улсын хөгжлийг чиглүүлсэн, ухраасан алдаа оноо бүхэн одоогийн эрх баригч МАН-тай салшгүй холбоотой.
Тэгэхээр төрд үүрлэсэн авлига албан тушаалын наймаа, ашиг сонирхлын зөрчлийг үгүй хийхээ амласан одоогийн Засгийн газар чин шударгаар ажиллаж чадвал өөрийн намын харьяат өмнөх эрх баригчидтайгаа тэмцэлдэх нь. Улиг болсон аргаа ашиглаж, эсрэг намынханд бурууг өгөөд л бултчихгүй бол одоогийн Засгийн газрын хамгийн талархууштай бөгөөд үр дүн хүлээх ажил нь энэ. Хий хоосон хөөрцөглөсөн үү, шийдэл, хөгжил харж тэмцэлдсэн үү гэдгийг энэ хавар газрын наймаа, ногоон автобусны хэрэгтэй холбоотой улс төрөөс мэдэх билээ.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:
-Энэ 30 жилийн хугацаанд хэн засаглав. Ямар бодлого баримтлав. Үнэхээр эдийн засгийн эрх чөлөө бидэнд хэрхэн ирэв. Бид ОХУ-ын хараат байдлаас гаргасан нь үнэн. Ард түмнийг өмчтэй болгосон нь үнэн. Ард түмнийг өмчтэй байгаад сайхан амьдарч чадах боломжийн төлөө ардчиллынхан засаглаж чадсан уу, үгүй юу. Тийм боломж ардчиллынханд байсан уу. Яг ардчиллынхныг буруутгаад байгаа 30 жилийг өнгөөр нь будвал цэнхэр өнгөтэй хэдэн жил байгаа вэ. Найман жилээс хэтрэхгүй. Дангаар засагласан нь дөрвөн жилийн хугацаа. Жинхэнэ эдийн засгийн эрх чөлөө, жинхэнэ шударга ёс, жинхэнэ бизнес хийх, өмчтэй байх эрх чөлөөг 1996 оноос Ардчилсан нам засагласнаар хийж эхэлсэн. Харамсалтай нь, 2000 онд Ардчилсан нам дахиад ялагдсан. Ардчилсан нам засагласан он жилүүддээ энэ олон аймгуудыг зам харгуйтай болгосон. Лагерь, Налайх, нисэх рүү явах замыг тавьсан гээд олон бүтээн байгуулалт хийсэн.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)