ОХУ-аас манай улсад 8500 тонн хүчит тэжээлийн тусламж өгөхөөр болжээ. Эхний ээлжийн 250 тонн тэжээлийг Буриадын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд ОХУ-ын хилийн боомт болох Хиагт хотод хүлээлгэн өглөө. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад хүчит тэжээлийг буулгалсан байна.
Буриадын талаас өгсөн мэдээллээр, энэхүү хүмүүнлэгийн тусламж нь 8500 тонн хүчит тэжээл, тээвэрлэх 425 тээврийн машин ачааны тээврийн зардлын хамтаар нийт 166.6 сая рубль буюу 1.85 сая ам долларын тусламж болж байгаа бөгөөд хилээр татваргүйгээр, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг ОХУ-ын Засгийн газар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр Буриадын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовт хандаж “Манай оронд тохиолдсон хаваржилтийн хүндрэлийг даван туулахад зориулан хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье. Эртнээс айл хөрш явсаар ирсэн, найрсаг дотно харилцаатай манай хоёр ард түмэн баяр хөөр, хүндрэл бэрхшээлтэй аль ч үед халуун сэтгэлээр харилцан тусалж ирсэн түүхтэй. Тэвдэж явахад тэвнээр туслах нь тэнхлүүн цагт тэмээгээр тусалнаас илүү үнэтэй. Бидний чин сэтгэлийн талархлыг ОХУ-ын Засгийн газар, ард нийтэд уламжлахыг хүсье” гэлээ.