Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дунд голын урсацыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн шинээр баригдаж буй гүүрэн дээр очиж нөхцөл байдалтай танилцан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинэ гүүр зургаадугаар сарын 1-ээс ашиглалтад орсны дараа түр гүүрийг нурааж, далангийн хэмжээг гадагшлуулж, Дунд голын усны урсгалыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Стандартын даланг бетонон гадаргуугаар бэхжүүлэх ажил бас хийгдэнэ.
Дунд гол руу маш олон аж ахуй нэгж, байгууллагууд түрж орж ирэн шороо асгаж, барилга байгууламж барьсанаас болоод өнгөрсөн зуны үер болсон гэдгийг мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргасан.
Гол тулгамдаж буй асуудал болох бургасыг холдуулахад хууль эрх зүйн орчны хүндрэлтэй нөхцөлүүд байна. Зарим компанийн зөвшөөрлийг цуцалж, нүүлгэн шилжүүлэх, Эрдэм трансын нэг барилгыг бүхэлд нь нураах ажлууд хийгдэхээр байна. Голын урсацыг нэмэгдүүлэхэд ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Харин бургасыг зайлуулахад нийслэлийн төсөв яагаад ч дийлэхгүй нөхцөл байдалтай байгаа. Энэ талаар ойрын үед Засгийн газрын хурал дээр танилцуулна.
Иргэдэд хандаж хэлэхэд, үерийн уснаас урьдчилан сэргийлэх ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ. Иргэд, аж ахуй байгууллагууд гол руу шахаж орсон газраа чөлөөлөх тухай нийслэлээс тавьсан албаны шаардлагуудыг хүндэтгэлтэйгээр хүлээж авахыг хүсье" гэв.
Сэтгэгдэл (7)