УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Юун түрүүн би бол шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ би гэм буруугүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдана. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна, шүүхийн процесс дуусаагүй. Тиймээс нарийн мэдээлэл өгөх боломж байхгүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа энэ хэрэг яаж эхэлсэн, яаж өрнөсөн, яаж дууссан талаарх мэдээллийг баримттай нь цаг хугацаатай нь хэлэх болно. Иймд та бүхэн тэвчээртэй хүлээж байгаарай.
Үүнээс гадна хаваржилт хүндэрч, малчдын маань сэтгэл зүй их муу байна, хотод ч гэсэн иргэд маань түгжрэл, үнийн хөөрөгдлөөс болж их стресстэй байна. Ийм үед надад тохож байгаа энэ зохиомол хэрэг гал дээр тос нэмж байгаа ч үүнийг битгий нэмж өөрсдөдөө наагаарай. Энэ хэргийг би улс төрийн захиалгатай гэж хардаж байгаа. Энэ бүх зүйл шийдэгдсэний дараа дахин бүх үнэнийг мэдээлнэ.
Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа гаргасан 134-р тоот тушаал, 227-р тоот тушаал бол Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тухай хууль гээд бүх хуульд нийцэж гарсан их хурлын тогтоолтой, засгийн газрын тогтоолтой, яам бүрэн бүрэлдэхүүнээрээ, мэргэжлийн хяналтын газар ажилласан хууль ёсны баримт бичиг. Энэ бол хууль зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглаж, давуу байдал олгох гэж гаргасан тушаал биш гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Алтай нутгийн сонгогчиддоо хандаж хэлэхэд, та бүгдийн сонгосон гишүүн авлигач, хулгайч, гэм буруутан биш гэдгийг цаг хугацаа нотолно оо" гэв.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (2)