УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны ээлжит сонгуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлахаар, санал авах өдрийг энэ оны аравдугаар сарын 11-нд байхаар тогтоолын төслийг боловсруулсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд сонгуулийн санал авах өдрийг долоо хоногийн дундуурх ажлын өдрүүдэд товлон явуулах шаардлагатайг дурдаад, цаашлаад Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдсан эсэхийг лавлав. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй адилтгасан үзэл баримтлал, агуулгыг тусгасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн.
Ингээд санал хураагаад, алх цохиход бэлэн болсон байсан. Энэ хуулийн төсөлд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн өөрчлөлт оруулсан. Гэвч өргөн мэдүүлээд хэлэлцсэн төслийг батлах үеэр гишүүдийн ирц хүрээгүй. Ингээд хуулийн төслөө баталж чадаагүй. Тиймээс аравдугаар сарын 11-нд болох энэ сонгууль одоо мөрдөгдөж буй хуучин хуулиар зохицуулагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд “Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заасан тул энэ хүрээнд асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-д оруулж байна” хэмээв.
Мөн тэрбээр “Өмнөх сонгуулийн санал авах өдрүүдийг судлахад баасан гарагт болж байсан. Төрийн сонгуульд хөгшин, залуугүй идэвхтэй оролцох нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд байнгын хорооны саналаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжив.
Дараа нь тус сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжив.
Хуралдааны төгсгөлд дээрх УИХ-ын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонх батлахыг дэмжсэн тул “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонссоноор баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.