УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган 55 хувийн ирцтэйгээр нээв. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "2020 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган болж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн цогц өөрчлөлт шинэчлэлтээ үргэлжлүүлэн дуусгах нь энэ чуулганы зорилт байх болно. Өнөөдөр тогтолцооны цогц шинэчлэлийн томоохон үр дүнг баталсан онцлог чуулган болж байгааг та бүхэн энэ танхимаас харж байна.
Өнөөдөр түүхийн тохиолоор 30 гаруй жилийн дараа алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэж, үндэстнээ хүчирхэгжүүлэн урагшлуулах шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна.
Энэ удаагийн парламент ачааны хүндийг тулж, улстөрийн ширүүнийг туулж их шинэчлэлийн цөмийг өрж, элдэв гажуудлын мууг нь халшралгүй шингээн давж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлье.
Олон жил гарцсан нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч тогтолцоо засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засч залруулж чадлаа. Чадлаа гэх энгийн үгийн ард Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Монгол Улсынхаа язгуур эрх ашгийн төлөө улс төрийн эр зориг гаргасанд, намчирхал талцлаас илүү язгуур эрх ашигтаа үнэнч үйлчилж, улсынхаа үсрэнгүй хөгжил, хүчирхэгжилтийн гүн бат суурийг тавихад гар бие, сэтгэл зүрхээ зориулсан та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Монгол Улс цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн босгон дээр найм дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна. Бид шинэчлэлийн парламент байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны цэгцрэх хөдөлгөөн, шинэ сэргэлтийн бодлогоо дэдшүүлсэн Засгийн газартайгаа нэгдмэл нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог юм.
Монгол Улс бол хуулийн засаглал, хувь хүний эрх чөлөөт эдийн засгийн тогтолцоог эрхэмлэгч, сонгуулиар төр засгаа эмхлэн бүрдүүлдэг ардчилсан улс. Энэ шинэ замыг сонгосон 30 гаруй жилд бид ардчилсан тогтолцоогоо улам баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, эрх чөлөөт шударга нийгмийг төлөвшүүлэх, ард нийтээрээ сайхан амьдрахын төлөө л зорьсон. Гэхдээ бодож төсөөлснөөс зарим чиглэл өөрөөр эргэж, үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй өнөөдөр хүрсэн. Тиймээс өнгөрсөн туршлага шүүн тунгаах, алдаагаа засаж залруулах, үүний тулд тогтолцооны шинэчлэл хийхэд чиглэсэн эрмэлзэл сүүлийн 4-5 жилд эрчилсэн давлагаа болж өрнөж байна. Эмх замбараагүй мэт санагдаж болох ч, эмхлэн цэгцрэх хөдөлгөөн юм. Цэгцрэхийн төлөөх ард олны хөдөлгөөнийг УИХ мэдэрч, шинэчлэлийг түүчээлэгч, шүгэл үлээгч байж чадсан. Өнгөрсөн 30 жилийн дүр зургийг хагархай цонхны онолтой зүйрлэж болно. Нийгмийн тулгамдсан асуудал, буруу хазгай тэр даруй засаж, шинэчилж байхгүй бол тогтолцооны гажуудал болж урхагшина гэсэн үг. Өнгөрсөн 30 жилд манай цонх хагарсаар байсан ч бүтэн болгоход төдий л анхаараагүй. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддагтай адил хагархай цонхоор жавар салхи, тоос тортог орж ирсээр улам зузааран хуримтлагдсаар өнөөг хүржээ. Тиймээс УИХ, ЗГ энэ гажуудлыг засах эрх зүйн шинэчлэл хийхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Улс төрийн намууд бодлогын институц болж төлөвших, санхүүжилт нь ил тод байх зарчмыг шинээр тусгасан. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр албан тушаал, эрх мэдлээ ашиглан бусдаас давуу байдал эдлэх боломжийг бүрмөсөн хязгаарласан. Хараат бус бие даасан шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж Монгол Улсын шүүхийн тухай багц хуулийг баталсан" гээд парламентын онцлох ажлуудаас дурдлаа.
Сэтгэгдэл (2)