УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран үндэсний хэмжээнд “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн оролцогчид энэ сарын 14-нд УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцов.
Энэ удаагийн аяллын хүрээнд оролцогчид УИХ болон УИХ-ын Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, парламентын боловсролын талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн танхим, хүндэтгэлийн “Өргөө гэр” цогцолбороор зочилж, Төрийн есөн хөлт Их цагаан тугт хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ төрийн ордон дахь түүх соёлын үнэт үзмэрийн дээж болох “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээлийг үзэж сонирхсон юм.
Мөн аяллын үеэр УИХ-ын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Б.Батманлай нар хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, мэдээлэл өглөө. Түүнчлэн “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчдыг төлөөлөн Б.Отгонгүнж, А.Тэлмэн нар хүрэлцэн ирж, өөрсдийн сэтгэгдэл болон үеийн тэнгийнхэндээ хийсэн нөлөөллийн ажлын туршлагаасаа хуваалцав. “Өсвөрийн парламент–2023” хөтөлбөрийн дарга, Сэлэнгэ аймгийн оролцогч Г.Тамир, Ховд аймгийн оролцогч П.Анужин нар өөрсдийн хийсэн нөлөөллийн ажлын талаар танилцуулсан бол “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш Д.Ану хөтөлбөрийн цахим хичээл, аяллын талаарх сэтгэгдлээ хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Үргэлжлүүлэн оролцогчидтой Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга О.Чинбат, МУИС-ийн Экологийн боловсролын төвийн багш, доктор Р.Сүнжидмаа, Онцгой байдлын ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Монголын Скаутын Холбооны мэргэжилтэн А.Энхнаран нар “Уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдэл, эрсдэл, дасан зохицох, даван туулах нь” сэдвээр уулзалт, сургалт хийсэн юм. Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид “Хүүхдийн тус” сайн үйлсийн аяныг цас зудын нөхцөлд байгаа газруудад зохион байгуулахаар болжээ.
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн удаагийн аяллыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний аяллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр “Ус-Эко аялал” сэдвийн дор Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Минж үржүүлэх, нутагшуулах төвд өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулсан. Харин удаах аяллыг ийнхүү УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан бол дараагийн аяллуудыг “Арт аялал–Хүүхдийн урлан бүтээх төв”, “Актив аялал–Богд уулын алхалтын аялал” зэргээр зохион байгуулах юм.
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авч, үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадварт суралцаж байна. Хөтөлбөрийн оролцогчид 45 хоногийн турш бямба гараг бүр цахим хичээлд хамрагдаж, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, мэргэжил сонголт, цаг төлөвлөлт, мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах ур чадвар, нөлөөллийн ажлын хэрхэн үр дүнтэй зохион байгуулах зэрэг сэдвээр зочин илтгэгчийн хичээл, уулзалтад оролцож байгаа. “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн оролцогчид “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 7-ны хооронд аймаг, дүүрэг, сумандаа нөлөөллийн ажлуудыг амжилттай хийжээ.
УИХ болон УИХ-ын Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Парламентын боловсрол”-ын хөтөлбөр боловсруулж, парламентын сургалтын танхим байгуулах, цахим хуудас ажиллуулах зэргээр парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тусгасан. Дэлхийн улс орнуудад ч парламент нь өсвөр үеийнхэн, залуучуудад ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч парламентын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сайн жишиг бий.
“Өсвөрийн парламент” хөтөлбөр нь парламентын боловсролын цөм хэсэг юм. Энэ хөтөлбөрөөр дамжуулан ардчиллын мөн чанар, парламентын засаглалын онцлог, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг хэрхэн боловсруулж, баталдаг, мөн түүнийг хэрэгжүүлэхийн утга учрыг таниулах, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний утга учиртай оролцоог дэмжих зорилготой юм.