Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр эхэлнэ. Энэхүү форумын урьдчилсан хэлэлцүүлэг болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцсэн билээ.
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумаар хэлэлцэх “Засаглал”, “Дагуул хот”, “Дэд бүтэц, эдийн засгийн сэргэлт”, “Эрүүл аюулгүй орчин, хүнсний хангамж” гэх дөрвөн сэдвээс гадна Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулна.
Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хот бүх салбарын төв болсон. Энэ нь давуу тал боловч нийгэм, эдийн засгийн шийдэл хүлээсэн олон асуудлыг дагуулж байна. Утаа, замын хөдөлгөөний түгжрэл, орчны бохирдол зэрэг хот төлөвлөлтийн алдаа, түүнээс улбаатай бэрхшээлүүдийг дурдаж болно. Суурь асуудлаа шийдэхийн тулд хандлагаа өөрчлөх цаг болсон” гэдгийг онцолж байлаа.
Мөн "Дагуул хот бол ажлын байр, шинэ бизнесийн орчныг бий болгох давуу талтай. Дэд бүтцийн хомсдол нь эдийн засгийг боомилж буй гол хүчин зүйлийн нэг. Хотын захын бүсийг барилгажуулахад эрчим хүч, дулаан, гадаргын усны эх үүсвэрийн хомсдол үүсдгийг том зургаар нь харах юм. Мөн хүнсний аюулгүй байдал, хангамж, логистикийг шийдэхгүйгээр нийслэлийн хотын тогтвортой хөгжлийг ярих боломжгүй.
Иймд дээрх сэдвээр олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсож, хувийн хэвшлийн оролцоог нээж өгөх чухал шийдэл гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна" гэсэн юм.
Нэхэн сануулахад, өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 21 аймгийн төлөөллийг оролцуулан “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулсан билээ.