Улаанбаатар хотод гуравдугаар дугаар сарын 11-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.0 хувиар, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн орон нутагт ч эл бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа тухай ҮСХ-оос мэдээлсэн.
Засгийн газраас дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ахмадуудын нимгэн халаастай тэмцэж, тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон.
Иймд тус хугацаанд зэрэгцэн нэмэгдэх, дөрвөн жилд нэг удаа дунд нь сэлэм эргүүлдэг "төгрөг ажиллагаа"-г танилцуулж байна. Аливаа халамж нэмэгдэх бүрд дагаад үнэ хөөрөгдөж, амьдрал төгрөгийн ханшаас доогуур ордог нь ёс мэт болсон билээ.
Тухайн үед тэтгэврийг нийтээр нь 10 хувиар нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байлаа. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар буюу бага тэтгэвэр авдаг ахмадуудад "хүртээлгүй" зүйл болно хэмээн нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэхээр болсон гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлж байв. Ахмадууд энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс нэмэгдсэн тэтгэврээ авч, МАН-ын халамжийг мэдэрнэ. Үүнийг сонгууль угтсан шийдвэр гэж харж болохуйц. Энэ хайр халамжийн хариуд нэг хоосон дугуйг нь дүүргэж будаж өгөхгүй бол "муухай". Монголчууд авсан бол буцааж өгөх, ачийг ачаар, бачийг бачаар хариулах философитой ч гэж хэлж болно.
Үүнээс цаашилбал, төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар, нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувь нэмэгдүүлэх юм. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана. Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувь, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувь тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувь нэмэгдүүлнэ гэж буй.
Чухамдаа монголд хэний ч цалин, юу юунд ч хүрэхгүй дуусчихдаг нь дэгс бус. Цалин нэмэх болсныг буруутгах аргагүй. Гэлээ ч сонгууль дөхүүлэн "бялдуучилсан" энэ үеийн ар талд иргэд "үнийн өсөлт"-тэй тулж хоцрох болов уу.
М.Жаргал