Монгол Улсын Сангийн яам, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк хооронд “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр байгууллаа.
Тодруулбал, дээрх хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксел Никейз, Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Тереса Червинска нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрээр аймаг сумдын дэд бүтцийг сайжруулж, худалдааг нэмэгдүүлэх, ХАА-н үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжихэд чиглэж хөрөнгө оруулалтын эхний ээлжийн хөрөнгөөр аймаг, сумдын төвийн дэд бүтцийг шинэчлэх аж.
Тухайлбал бохир ус цэвэрлэх байгууламж, орон сууц барих, сургууль, эмнэлгүүдийн эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үерээс хамгаалах байгууламжийг мөн барина. Үүнээс гадна аймаг, сумдын борооны ус зайлуулах байгууламжийг сайжруулж, нийтийн барилга байгууламжид нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.
Мөн орон нутгийн ХАА-н болон бусад бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулахад чиглэсэн тогтвортой мал аж ахуйн дадал бүхий малчдын бүлгэмийг дэмжих юм.
Хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын үр дүнд ойролцоогоор 160 мянган ажлын байр шинээр бий болж, урт хугацаанд 29 сая га газрын бэлчээр нутгийг сэргээн хамгаалж, 40 жилийн хугацаанд ялгарах 126 сая тонн хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгарлыг зогсоох юм.
Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын нэгдэн орсон Парисын хэлэлцээр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт болон Ногоон хөгжлийн сэргэлтийн хөгжлийн зорилтуудтай нягт уялдах юм.
Сэтгэгдэл (1)