Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газрын 2023 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Ховд аймгийн Хүүхдийн ордны засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурж, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай энэ сарын 11-нд цахимаар уулзалт зохион байгуулав.
Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ, “Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүүхэд багачууд эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдсэн тус төвийн сургуулиас гадуурх үйл ажиллагаанд хамрагдах боломж бүрдэнэ гэж найдаж байна” хэмээв.
Засаг дарга Э.Болормаа “Олон жилийн турш дэмжлэг үзүүлж буй Өвсний үндэс хөтөлбөр, Японы ард түмэнд талархал илэрхийлье. Хүүхдийн хөгжил, аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч, "Хүүхдэд ээлтэй-Хүний Хөгжлийн дэмжих жил" болгон зарласан 2024 онд Хүүхдийн ордон засварлах болсонд туйлын баяртай байна” гэв.
Уг төслийн хүрээнд Ховд аймгийн Хүүхдийн ордоныг засах юм. Үүнд: дээвэр, гадна фасад, дотор засал /тааз, хаалга, шал/, дулааны шугам, радиатор, агааржуулалтын системийг засварлах, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажил хийснээр тус төвийн эрүүл ахуй, сургалтын орчин нөхцөл сайжирч, тус аймгийн хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд өсөж боловсрох нөхцөл бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 602 дахь, Ховд аймагт хэрэгжүүлэх 22 дахь төсөл болж байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201,476 ам.доллар юм.