Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдсантай холбогдуулан кибер халдлага зөрчлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа. Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7560 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 83 хувь нь кибер залилан байна. Кибер орчинд халдлагууд маш ихээр бүртгэгдэх болсон. Энэ нь жил ирэх тусам өсөж байна. Дэлхийн нийт иргэдийн 66 хувь нь интернет хэрэглэж байна. Манай улсад интернет хэрэглэгчдийн тоо өсөж, үүнийгээ дагаад кибер гэмт хэрэг өсөж байна.
2020, 2021 онд кибер хар зах дээр Монголчуудын мэдээллийг зарж борлуулсан мэдээлэл бүртгэгдсэн. Үүнд хариу арга хэмжээ авсан байдаг.
Манай улс кибер аюулгүй байдлын тухай хуулийг батлаад хоёр жил ч болоогүй байгаа. Үл үзэгдэгч, дээрэмчидтэй бид яаж тэмцэх вэ гэдэг асуулт тулгамдсан асуудал болон хувирч байна. Хортой кодуудаар дамжин хувь хүний мэдээлэлд халддаг байдал бүртгэгдсээр байна. Иймд линкүүдэд дарахдаа болгоомжтой байхыг уриалж байна" гэв.
Д.Батчулуун