Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хог энэ сарын 10-нд хүлээн авч уулзаж, энэхүү айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хийгийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилсан юм.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий өндөр ач холбогдол өгч, мэндчилгээ дэвшүүлсэнд сайд Б.Батцэцэг талархал илэрхийлээд, энэ онд зохион байгуулах “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ад БНАСАУ-аас төлөөлөгчдөө оролцуулахыг урив.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө буйгаа нотолж, өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлснийг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн хоёр улсын боловсрол, соёл, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх, бүхий л түвшинд харилцан төлөөлөгч солилцох, бодит хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд тодорхой ажил хэрэгжүүлэх талаар тохирлоо.