Нэг л мэдэхэд сонгууль хаяанд ирж, сургаар нь улстөрчид гэрлийн хурдаар ажиллаж байна. Ардын хүүхдийн "мөрөөдөл" хүртэл тэдэнд хамаатай болж, ахуй соёлынхоо үнэ цэнийг шагшин магтаж эхэллээ. Бүсчилсэн тойргийн балгаар зарим нь нэг нутгаас нэжгээд хамаатан садантай болох нь холгүй байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн уран цэцэн үг нь ундарч, "Дэлгэрийн тал шиг ээ тэнүүн сэтгэлтэй Дэлгэр сумын Гуулин тосгоны ЕБС..." гэх мэтээр шагширч явна.
Арван жилийн сурагчдын бусадтай мэндчилдэг "Сайн, та сайн байна уу" гэх үгийн хариуд "Яасан сайхан үйлчилдэг хүүхдүүд вэ" гэж, хүүхдүүдийг өөрт нь үйлчилж байна хэмээн эндүүрчээ. Улс төрийн өндөр алба, зөөлөн сандал түүнд ийм сэтгэлийг бий болгосон бололтой.
Чухамдаа төр ард иргэдэд үйлчлэх учиртай. Атал ард иргэдийг төрд үйлчилдэг юм шигээр ташаарч байгаа нь ирж буй цагийн өмнө зогсоод уулга алдаж буй эрхэм гишүүнээс тунчиг холыг харууллаа. Үндэсний хувцасаа өмсөөд хичээлийн танхимдаа сууж байгаа сурагчдыг магтах, одоо бол залуучуудын дунд дээл өмсөх нь бахдаад байх өвөрмөц содон зүйл бус энгийн хэрэглээ болж байгааг ч анзаарах сөхөөгүй тэр ажилласан уу, гэвэл бас л эргэлзмээр.
Цаашилбал Ш.Адьшаа гишүүн хүүхдүүдээс мөрөөдлийнх нь талаар асууж байх юм. Нэг сурагч "сэтгүүлч болно" гэхэд "сэтгүүлч болж яадаг юм" гэж зандрах, занахын голоор тулган асуув. Энэ мэт үйлдлээс харахад дахин сонгогдох хүсэлдээ тэр шатаж явна уу.
Тэдний мөрөөдөл биелэх цаг ирэхэд монголын нийгэм авилга хээл хахууль, хулгай луйвар, худал хуурмагаар дүүрэн хэвээр байвал яах билээ. Ажил хийснээс улсын их хурлын гишүүн хийвэл биед амар юм шиг харагдах нэг үзэмжийг төрийн түшээд бий болгосон. Уг нь хамгийн их хариуцлагатай алба байдаг. Гэтэл үгээ цэгнэдэггүй, гишгэдэл, үйлдлээ ч хянадаггүй өндөрөө нэгэнт авсан хүмүүсээр эх орныхоо хөгжлийг тодорхойлуулж, салах дургүй сайхан сандал бэлдэж өгөхөө бид одоо л зогсоох учиртай ч шиг.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)