Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн төлөвлөлтийг танилцуулахдаа, Улаанбаатар хотыг 42 нэгжид хувааснаар эрүүл мэнд, улсын бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, газар олголт жигдрэх, гэмт хэрэг зөрчлийн тоо буурах эерэг өөрчлөлт гарна гэдгийг онцолж байв.
Нийслэл хот 204 хороотой. Үүнээс 189 хороо нь төвийн зургаан дүүрэгт, 15 хороо нь захын гурван дүүрэгт байдаг. Хороодын хүн амын тооны зөрүүнээс шалтгаалж, иргэд төрийн үйлчилгээг шуурхай авч чадахгүй нь бий. Иймээс нийслэлийн есөн дүүргийг 42 нэгжид хуваахаар төлөвлөсөн бөгөөд энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр төрийн үйлчилгээг 15-20 минутад авах боломжтой болох аж.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Нийслэл нь Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 50 орчим хувь энд амьдардаг. Улаанбаатар хот бүх салбарын төв болсноор утаа, замын хөдөлгөөний түгжрэл, орчны бохирдол зэрэг хот төлөвлөлтийн алдаа, түүнээс улбаатай олон асуудлыг дагуулж байна. Суурь асуудлаа шийдэхийн тулд өөр өнцгөөс харж, хандлагаа өөрчлөх цаг болсон”-ыг дурдлаа.
НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг, “Хороо нь төрийн үйлчилгээг хүргэх анхан шатны чухал нэгж тул 42 болгох нь зөв. Засаг даргад тодорхой эрх мэдлийг нь өгч, иргэдээс сонгодог байх нь зүйтэй” гэсэн бол ЭМАШТҮХ-ийн зөвлөх багийн ахлагч, Анагаах ухааны доктор, профессор С.Сонин, “Нийслэлийн өрхийн эмнэлэг 24 жилийн өмнө Улаанбаатар хот 700 мянган хүн амтай байхад 8-12 мянган хүнд үйлчлэх даацтай байгуулагдаж байсан нь одоо хүртэл өөрчлөгдөөгүй. Хүн ам хоёр дахин нэмэгдсэн тул засаг, захиргааны өөрчлөлтөөр үүнийг шинэчлэх шаардлагатай” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Сэтгэгдэл (1)