УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 2189 сонгуулийн хэсэг байгуулахаар ИТХ-ууд шийдвэрлэсэн байна. Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ сонгуулийн хэсэг байгуулж, улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс уг мэдээллийг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гуравдугаар сарын 6-ны дотор хүргүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, сум, дүүргийн ИТХ-ууд хуулийн хугацаанд сонгуулийн хэсэг байгуулах шийдвэрийг гаргав. Орон нутагт 330 сум 1643 багт 1680 сонгуулийн хэсэг байгуулжээ. Нийслэлийн тухайд есөн дүүргийн 204 хороонд 509 хэсэг байгуулсан аж. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар 2070 сонгуулийн хэсэгт санал авсан. Энэ удаагийн сонгуулиар хэсгийн тоо 119-өөр нэмэгджээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах болон хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.