Монголын Үндэсний түүхийн музейн ажилчид Соёлын сайд Ч.Номингийн хууль бус захирлын томилгоог эсэргүүцэж, түүний хууль бус үйлдлийн тухай мэдээллээ.
Ажилчдын зүгээс, "2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд музейн ажилтан Д.Мөнхтогоог музейн захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр шууд тушаал гарган томилжээ. Гэвч дахин тушаал гаргаж, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбатыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түр орлонгоор томилох тушаал гаргасан нь хууль зөрчиж байна" гэв. Түүнчлэн байгууллагад хяналт шалгалт хийх нь байх ёстой зүйл боловч ажилчдыг дуудан хөтлөх, тулгах байдлаар байцаах хэлбэрээр асуулт асууж, мэдээлэл авсан нь хууль зөрчиж байна хэмээв. Мөн Монголын Үндэсний музей болон Соёлын өвийн үндэсний төв гэсэн хоёр өөр чиг үүрэгтэй байгууллагад нэг хүнийг даргаар томилж, хавсран гүйцэтгүүлж байгаа явдал нь байгууллага хоорондын албан харилцааг доголдуулна гэж тэд үзэж байгаа аж. Үүгээр зогсохгүй, Соёлын сайд Ч.Номинд гурван сарын хугацаанд арав гаруй удаа уулзах албан санал тавьсан боловч хүлээж аваагүй байна.
М.Жаргал