Зудтай байгаа аймгийн малчдад БНХАУ, АНУ-аас тусламж үзүүлэхээр болсныг Засгийн газрын тэргүүнд мэдэгджээ.
Тодруулбал Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200,000 ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170,000 гаруй ам.долларын эд материалын тусламжийг үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулж, батламжийг нь гардуулан өгсөн байна. АНУ-ын Засгийн газраас 700,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган танилцуулжээ.
Өмнө нь тус улсын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 200,000 ам.долларын тусламж үзүүлсэн байна. Ингэснээр АНУ-ын Засгийн газраас он гарсаар үзүүлсэн зудын эсрэг нийт тусламжийн хэмжээ 3,058,179,445 төгрөг буюу 900,000 орчим ам долларт хүрчээ.
АНУ-аас олгож буй энэхүү тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2,700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх аж.
Түүнчлэн Австралийн Холбооны Улсын Засгийн газраас зудын гамшгийг даван туулахад зориулж 250,000 австрали доллар хандивлахаар шийдвэрлэснийг Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн мэдэгдээд байгаа билээ.