Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тив бүрийн сагсан бөмбөгийн лигийн аварга клубүүдийн дунд BCL (Basketball Champions League)-г зохион байгуулж буй.
Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн наймдугаар сард болсон ФИБА Конгрессийн үеэр Монголын лигийн аварга багийг оролцуулах хүсэлтээ албан ёсоор тавьсан юм. Тодруулбал, тэд өнгөрсөн сард Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой албан ёсны гэрээ байгуулжээ. Ингэснээр үндэсний дээд лигийн аварга баг Монгол Улсаа төлөөлөн BCL Asia тэмцээнд өрсөлдөхөөр боллоо.
Түүнчлэн гэрээний хүрээнд Монгол Улсад Азийн аваргуудын лигийн нэгдүгээр тойргийн тоглолтыг ирэх дөрөвдүгээр сарын 3-7-нд зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар давуу эрхээ эдлэн хоёр баг оролцуулна. Иймд Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын финалд үлдсэн багууд Азийн аваргуудын лигийн нэгдүгээр шатанд өрсөлдөх эрхтэй болж байна.