НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, баталлаа.
2023-2024 онд улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хот их багтаамжтай, дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, бага оврын 50 автобусыг худалдан авсан. Шинээр худалдан авч буй их багтаамжтай дизель 600 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудад төлбөртэйгээр ашиглуулна.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр Морингийн даваа, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Тахилтад автобусны дулаан зогсоол, хөдөлгөөний удирдлагын төв, засвар үйлчилгээний төв, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий хоёр цогцолбор төвийг тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор хүний нөөц, автобааз, барилга байгууламж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилан зохион байгуулах шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”-ыг нэгтгэхээр НИТХ-аас шийдвэрлэжээ.
Тодруулбал,
-Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз, “Тэнүүн Огоо” компанийн нэгдүгээр баазыг нэгтгэж “Автобус нэг” ОНӨААТҮГ болгох,
-Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг ашиглан “Автобус нэг” ОНӨААТҮГ болгох,
-“Тэнүүн-Огоо” компанийн дөрөвдүгээр бааз болон “Зорчигч тээвэр гурав”-ын шинээр барьж буй баазыг нэгтгэн “Автобус гурав” ОНӨААТҮГ болгох,
-“Тэнүүн-Огоо” компанийн хоёр болон гуравдугаар баазыг нэгтгэн “Автобус дөрөв” ОНӨААТҮГ болгох,
-Морингийн даваанд барьж буй шинэ баазыг “Автобус тав” ОНӨААТҮГ-т нэгтгэн шинэчлэхээр болсон байна.
Сэтгэгдэл (1)