Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров энэ сарын 27-нд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав.
Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын зөвлөлийн дарга А.Жапаров Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлал амжилттай үргэлжилж, хоёр улсын парламент хоорондын дээд хэмжээний айлчлалын давтамж хадгалагдаж буйд баяртай байгаагаа цохон тэмдэглэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төв Азийн зүрхэнд орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн “баян бүрд” бүхий Киргиз Улсын ард түмний ахуй амьдрал, хөгжил цэцэглэлтэй танилцах завшаан тохиож буйг онцлоод, 21 жилийн дараа Монгол Улсын парламентын тэргүүн ийнхүү айлчлал хийж байгаа нь хоёр улсын өндөр дээд, хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэв. Мөн тэрбээр энэхүү айлчлалын хүрээнд Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Эрхэмсэг ноён Н.Шакиевтай “Монгол Улсын Их Хурал болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (Парламент) хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, ялангуяа авто болон төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх тээвэр, худалдааны саад, бэрхшээлийг арилгах асуудлаар хамтран ажиллах талаар тохиролцсоныг дурдав.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров, Киргиз, Монголын Засгийн газар хоорондын комиссын ээлжит тавдугаар хуралдааныг 2024 оны II улиралд Бишкек хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангаж буй талаар дуулгаж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тус улсаар дамжуулан Төв Ази болон Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд монголын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоох бүрэн ашиглахыг санал болгож байлаа. Түүнчлэн “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Бүгд Найрамдах Киргиз Улс нэгдэхэд дэмжлэг үзүүлэхийг санал болгов.
Мал аж ахуйн салбарыг хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болгож хөгжүүлэх, цаашид мал аж ахуйн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэв.
Талууд эдийн засаг, банк санхүү, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих төмөр зам, тээвэр, соёл, боловсролын хөтөлбөр, аялал жуулчлал, хөдөө, аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож улмаар санамж бичиг байгуулснаар талуудын хамтын ажиллагааны эхлэл, эрх зүйн үндэс бүрдэж байгааг харилцан нотлов.